Хотын дарга “үндсэрхэг үзэлтэн”-үүдийн өмнөөс уучлал хүсэв

Хотын мээр Э.Бат-Үүл өнөөдөр “Бурхан Халдун” ууланд гарсан гадаадын иргэдэд зүй бусаар авирласан залуусын өмнөөс уучлалт хүсэв.

Монгол Улсын Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэж заасан байдаг. Энэхүү хуулийн заалтыг хэсэг залуус зөрчиж, гадны жуулчдад зүй бусаар авирласан нь ичмээр, зохисгүй үйлдэл гэдгээ мэдэгдсэн юм.

Харин түүний хариуд Монгол дахь Өвөрмонголчуудын холбооны тэргүүн Л.Баатар “Харамсалтай байна. Тухайн үйлдлийн хохирогч гомдолтой байгаа. Бурхан халдун ууланд мөргөх гэж ирсэн жуулчдын шүтэх, хүндэтгэх эрхэд халдаж болохгүй гэж бид үзэж байгаа” гэсэн хариу мэдэгдэл хийв.

Гадны жуулчдад зүй бусаар авирласан үндсэрхэг үзэлтэй залуусын буруу гэдгийг хүн бүр л хүлээн зөвшөөрч байгаа. Гэлээ гэхдээ хотын дарга нь тэдний өмнө уучлалт гуйж байгаа нь зөв гэж үү. Үүнийг хотын соёл гэж тайлбарлах уу. Ер нь Хотын дарга нь асуудал бүрийн өмнө гарч гүйгээд л уучлалт гуйгаад яваад байх нь хэр оновчтой вэ.

Саяхан татвараас зайлсхийсэн хэргээр шүүхээс ял эдэлж буй “Саусгоби Сэндс” компанийн удирдлагууд асан Жастин Капла нартай Цагдан хорих анги дээр оччихсон уулзаад явж байсан. Эндээс хотын даргагүй үйл явдал гэж үгүй боллоо.  Заримдаа Монгол Улсын гадаад хэргийн асуудлыг хотын дарга давхар хариуцдаг билүү ч гэж бодогдох шиг.  

Бурхан Халдун нь Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын их эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байж.  Мөн  “Бурхан Халдун уул болон гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай” хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар “Их хориг” гэх болсон түүхтэй.  1227 онд Их хааны шарилыг Хэнтий нурууны өвөрт Их өтөг гэдэг газар тээж авчран онголоод урианхай мянгатын ноён Удачигаар Их хоригийг хамгаалуулж байсан гэдэг. Ер нь үеийн үед Бурхан Халдунаа хайрлан, хамгаалж, шүтэж ирсэн түүх уламжлал ч бий.

 

1995 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг буулган Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул хэмээн нэрлэж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэж байхаар болсон. Өөрөөр хэлбэл Бурхан Халдун нь Төрийн тахилгат, Үндэсний бахархалт хайрхан юм.

Гэвч Төрийн тахилгат Хайрханд нь хэн дуртай нь холхиод байх зөв гэж үү. Эсвэл энэ олон цол гуншингаа арилгаад аялал жуулчлалын нээлттэй бүс болгочихмоор юм. Тэгээд түүнийхээ дараа Цагаан хэрэм, Луврын музей, Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө зэрэгтээ адилтган тайлбарлаад явж болно шүү дээ. Түүний дараа хотын дарга нь уучлалт гуйж бөхөлзөхгүй, залуус нь эх оронч үзэл гаргахгүй амар.

 

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button