Дэлхийн хэмжээнд цаазаар авах ял оноох тохиолдол нэмэгдсэн

“Amnesty International” байгууллага 4-р сарын 1-нд олон нийтэд хүргэсэн илтгэлдээ дэлхийн хэмжээнд шүүгдэгчдэд цаазаар авах ял оноох тохиолдол нэмэгдсэн тухай дурдсан байна. 2014 онд дэлхийн хэмжээнд 2466 удаа цаазаар авах ял оноосон нь 2013 оныхоос 500-аар их байгаа юм. Гэхдээ цаазаар авах ял оноох нь нэмэгдсэн ч ялыг хэрэгжүүлэх нь цөөрсөн байна. Одоо дэлхийн 22 улсад  цаазаар авах ялын тогтоолыг гүйцэтгэж байгаа.

 

2014 онд Иран улс цаазаар авах ялыг гүйцэтгэсэн тоогоороо дэлхийд тэргүүлсэн. Иранд албан ёсоор 289 удаа цаазын ялыг гүйцэтгэсэн гэж байгаа ч улсын бүртгэлээс гадна 454 тохиолдол бүртгэгдсэн байна. Саудын Арабт  хамгийн цөөндөө 90 хүн, Иракт 61, АНУ-д 35 хүн цаазаар авхуулсан. Гэхдээ “Amnesty International”-ын мэргэжилтнүүд Хятадыг цаазаар авсан хүний тоогоор дэлхийд тэргүүлдэг гэж үзсэн хэвээр байна.  Гэвч Хятад нь энэ талаар мэдээ, мэдээллийг гадны байгууллагуудад албан ёсоор өгдөггүй тул яг хэдэн хүнийг цаазаар авсныг баттай тогтоох боломж байдаггүй. Ямар ч  байсан 2014 онд БНХАУ-д дэлхийн бусад бүх улсад цаазаар авхуулснаас  илүү олон хүнийг цаазалсан гэдэгт “Amnesty International”-ын мэргэжилтнүүд итгэлтэй байгаа аж.

 

Цаазаар авах ял оноох тохиолдол нэмэгдсэнийг зарим улс дотоодын хямрал, мөргөлдөөнийг шийдэх аргын нэг болгож цаазаар авах ялыг өргөнөөр ашиглах болсонтой холбон тайлбарлажээ. Эдгээр улсууд нь Хятад, Умард Солонгос, Иран, Саудын Араб, Египет, Нигери юм.

 

Эх сурвалж: “Deutsche welle”.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button