Оюутан, сурагчид- Сонгууль өгдөг, өгдөггүй

Сургуулийн сурагч болон их дээд сургуулийн оюутнуудын дунд хэтэрхий их ялгаа байна. Оюутнууд автобусаар үнэгүй зорчиж, цалин авдаг гээд олон хөнгөлөлтөд хамрагддаг бол Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид автобусанд мөнгөтэй явна, цалин авдаггүй. Тэд бол адилхан суралцагчид. Гэтэл ингэж ялгаварлаж байгаа нь олны дургүйцлийг төрүүлж байна. 

Саяхан автобусанд нэгэн том биетэй ахлах ангийн хүү кондукторд 200 төгрөг өгөхөд автобусны кондуктор уурлаж, элдвээр хэлж чимхэж үлдэгдэл мөнгийг нь нэхнэ. Нэг үгээр хэлбэл хүү том биетэй болж төрснөөсөө болж олон хүний дунд элдвээр загнуулж хохирч байгаа юм. Гэтэл хажуугаар нь оюутан ах эгч нар нь үнэмлэхээ үзүүлээд үнэгүй зорчиж байна. Уг нь оюутнууд сурагчдыг бодвол ядахнаа 70 мянган төгрөгийн цалинтай. 

Адилхан суралцагчдыг ялгаварлаж байгаа хамгийн гол учир нь оюутнууд бол сонгуульд санал өгөх эрхтэй. Харин сурагчид  сонгуулийн субъект биш.  Хэрвээ тэд сонгууль өгөх насанд хүрсэн бол ялгаварлал байхгүй байх магадлалтай. Тэд насанд хүрээгүй учраас төр засгийн эсрэг эсэргүүцэж тэмцэж чадахгүй. Тиймээс дуугүй л хичээлээ хийгээд  явж байхаас өөр арга байхгүй. Ээж, ааваасаа өөр орлогын эх үүсвэргүй хүүхэд автобусанд мөнгө төлөх нь жил өнгөрөх тусам хэвийн биш үзэгдэл баймаар. Харин  оюутнууд бол цагийн ажил ч эрхэлж болно. Ер нь оюутнуудад 70 мянган төгрөг олгодог болсноос хойш сургалтын чанар муудаж, бар паабын орлого нэмэгдсэн гэж хэлж болно. 

Улстөрчдийн зорилтот бүлэгт оюутан, залуус нэн тэргүүнд бичигдэнэ. Өнгөрсөн оны байдлаар 230 гаруй мянган оюутан их, дээд сургуульд суралцаж байгаа гэсэн албан бус тоо байдаг. Тиймээс л оюутнуудыг сурагчдаас илүүд тавьдаг байх. 

Харин саяхнаас сурагчдад зориулж сурагчийн үнэмлэх гарчээ. Өмнө нь Монголын сурагчдын холбооноос цэнхэр пластик үнэмлэхийг гаргаж, хүүхдүүд ашиглаж байсан.  Гэвч энэ үнэмлэхний давуу тал гэж юу ч байгаагүй. Сурагч гэдгийг л нотолдог байсан байх. Харин шинэчлэгдсэн үнэмлэхээр 40 үйлдэл хийх боломжтой гэнэ. Гэсэн хэдий ч автобусанд мөн л үнэгүй зорчихгүй.  Харин үнэмлэхээ үзүүлээд 200 төгрөгөөр зорчино. Микро автобусанд энэ үнэмлэхний хэрэг байхгүй. Тэд томчуудын адил мөнгө төлж үйлчлүүлнэ. Хүүхдийн тариф гэж байхгүй. 

 

Монголын сурагчдын холбооны мэдээлж байгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд ЕБС-д суралцдаг 130 мянган хүүхэд байна. Тэдгээрийн 60 гаруй мянга нь нийтийн тээврээр зайлшгүй үйлчлүүлэх шаардлагатай. Энэ нь, сурагчид нийтийн тээврийн салбарт өдөрт 10 гаруй сая төгрөгийн орлого оруулж байдаг гэсэн бүдүүвч статистик тоо байдаг байна.  

Монголын сурагчдын холбооны Ерөнхий менежер Р.Батхуяг энэ талаар “Нийтийн тээврийн үнэ өсвөл хүүхдээс авах мөнгө нэмэгдэх вий гэсэн болгоомжлол бидэнд бай­даг. Тий­мээс хүүх­дийг онц­гой ан­хаарч ажил­ла­хыг хүсч, ний­тийн тээ­вэрт ца­хим үнэм­лэх­ний заг­ва­рыг хүр­гүүл­сэн бай­гаа. Өнөө­дөр яг үнэ­нийг хэл­эхэд ний­тийн тээв­рийн ор­ло­гын бага­гүй ху­вийг Ерөн­хий бо­ловс­ро­лын сур­гуу­лийн хүүх­­дүүд бүр­дүүлж бай­на.

Оюу­тан хүн үнэм­лэх­тэй, ах­мад нас­тан, хөгж­лийн бэрх­шээл­тэй ир­гэд, цаг­даа нар мөн л үнэ­гүй зор­чи­но. Цөөн тоо­ны ал­бан хаагч, ажил­чид л мөн­гөөр зор­чиж бай­гаа шүү дээ. Ха­рин ул­сын тө­сөвт нө­хөн ол­го­вор гэж жилд 3-6 тэр­бум төг­рөг суул­га­чих­вал ший­дэг­дэж бо­лох асуу­дал. Гэ­тэл энэ асууд­лыг хөн­дөх­гүй бай­на шүү дээ. Нуул­гүй хэ­лэ­хэд хүүх­дүүд сон­гууль өг­дөг­гүй болохоор улстөрчид үүнд анхаарал хандуулахгүй байна гэж хэлж болно” гэсэн байдаг. 

Ямартай ч өнөөдрийн байдлаар сонгууль өгдөг, өгдөггүй суралцагчдыг ялгаварласаар байна. 

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button