Ерөнхийлөгчийн гаргасан зардлууд төрийн нууц болохоор хуулийг батлуулсан уу
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийн төслийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байгаа. Уг хууль хэрэгжсэнээр тухайн байгууллагын санхүүгийн бодит мэдээллийг ард түмэн нээлттэй үзэх боломж бүрдэж байгаа юм. Үүний дагуу УИХ-ын зарим гишүүдийн тойрогтоо ажилласан зардлын тайланг, мөн бусад холбогдох зардлын тайланг УИХ-ын тамгын газрын сайтад байршуулжээ.
Энэ хуулийг батлуулах гэж Ерөнхийлөгч их зүтгэсэн. Хоёр ч удаа буцсаны эцэст батлагдаж хэрэгжихээр болсон юм. Иргэд ч ам сайтай байгаа. Төрийн түшээд татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн яаж зарцуулж байгааг хянах сайхан боломж болсон юм.
Гэтэл үнэн хэрэгтээ хуулийг санаачилсан Ерөнхийлөгчийн зарим зардал шилэн дансны сайтад мэдээлэгдээгүй байх юм. Цагаан сарын үеэр л ахмадуудад гарын бэлэг өгсөн зардал гарчээ. Харин ойр ойрхон айлчилсан гадаад томилолтын зардлууд шивэгдээгүй байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын нягтлан бодогчоос тодруулахад, “Энэ бол төрийн нууц учраас ил тавьдаггүй” хэмээв.
Яагаад Ерөнхийлөгчийн айлчлалын зардал төрийн нууц байдаг юм бэ. Иргэд Ерөнхийлөгч хэчнээн төгрөгөөр гадаадад айлчлал хийж, ямар үр дүнтэй айлчлал вэ гэдгийг мэдмээр л байна шүү дээ. Шуудхан хэлэхэд Ерөнхийлөгчийн өөрийнх нь зардлууд Шилэн дансанд тусгагдахгүй байсан болохоор энэ хуулийг батлуулах гэж зүтгэж байсан болж байна уу.
olloo.mn