Цэцэрлэгийн хүүхдүүд ногоо тарьж байна

Хүүхдэд бичиг үсэг заахаас гадна амьдрах ухаанд сургах нь хамгаас чухал гэдгийг эцэг эхчүүд, багш нар ярьж байна. Тухайлбал “Дархан-Уул” аймгийн 18-р цэцэрлэгийн багш нар хүүхдүүдтэйгээ хамтран ногоо тарьж,хүүхдүүд тарьсан ногоогоо хураагаад зогсохгүй хоол хийж сурч байгаа гэнэ. Энэ нь хүүхдэд олон талын мэдлэг хүмүүжил олгож байгаа тухай тус цэцэрлэгийн арга зүйч Ж.Цэцэгээтэй ярилцлаа.

-Цэцэрлэг бол хүүхэд саатуулдаг, тоглуулах л газар гэж боддог. Гэтэл та бүхэн ажил хийлгэж, бүр ногоо тарьж ургуулахад тусалдаг болгосон гэх юм?

-БСШУ-ны  сайдын 329-р тушаалын дагуу манай цэцэрлэг түшиц цэцэрлэгээр сонгогдон хоёр дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилго тавиад цэцэрлэгийнхээ үзэл баримтлалыг боловсруулж, нийт багш хамт олон,  эцэг эхчүүд санал бодлоо нэгтгэн ажилласан. Бид хамгийн түрүүнд  сургалтын орчноо шинэчилсэн. Багш  нэг бүрийнхээ хандлагыг өөрчлөх зорилт тавьсан. Үүний хүрээнд “Цэнэглэх цаг” гэж гаргаад даваа гариг бүр 7.30-8.00 цагийн хооронд багш ажилчиддаа  хандлагаа өөрчлөх сургалт хийж ажилласан. Манай хамт  байгаль экологитой хүүхдийг танилцуулах, багаас нь бодит орчин дээр хүүхэд өөрөө мэдлэг бүтээж багштайгаа хамтарч суралцах зорилгоор урлангийн танхим байгуулсан. Энэ урлангийн танхим нь усан сан, хүлэмж гэх мэтийн зургаан төвтэй. Үүн дээрээ хүүхдүүд ээлжээр ажилладаг. Гаднаа туршилтын нэг хүлэмжтэй. Энэ хүлэмжиндээ 12 төрлийн ногоо ургуулж хүнсэндээ хэрэглэж байна.  Хүнсний бүтээгдэхүүнээ  хүүхэд өөрөө тариад,  өөрөө хурааж аваад, гал тогоонд хүүхэд өөрөө хүнсний ногоогоор салат янз бүрийн дуртай хоолоо хийдэг болсон. Бид шинэчилсэн сургалтаараа  хүүхдийн  бүтээлч чанарыг  хөгжүүлэхэд голлон  анхаарч ажилладаг.

2-6 насны хүүхэд цэцэрлэг дээр ногоо тариад хураагаад хоол хийж байна гэхээр нэг л дүр зураг буухгүй юм.Эцэг эхийн оролцоо байгаа байх?

– Урлангийн танхимын зорилго чиглэлээ танилцуулахад эцэг, эхчүүд дуртай хүлээж авсан. Хүүхдээ багаас нь хөдөлмөрт сургах юмсан гэж залуу эцэг, эх хүсдэг болсон байна. Хамгийн гол нь багш өөрөө дагуулж хүүхдийг ажиллуулдгаараа онцлогтой байгаа. Жишээ нь өнгөрсөн жил бид хүнсний ногоо хураах явцдаа, улаан лооль, өргөст хэмх, чинжүү   хурааж авсан. Хүүхдүүд  хураасан  чинжүүгээрээ “хуурга хийж идье” гэсэн санаачилга гаргахад багш дэмжээд л хамтдаа хоол хийж байгаа юм.  Багш гол ажлаа хийнэ хүүхдүүд ногоо угаах, зориулалтын багажаар хальслах зэрэг туслах ажил гүйцэтгэнэ. Ингэж хүүхэд бодит амьдрал дээр амьдрах ухаанд суралцаж байгааг хараад эцэг, эхчүүд баярладаг. Тэр ч байтугай  хувь хүмүүс энэ байдлыг таашааж бидэнд тусламж үзүүлэхийг хүсдэг. Жишээ нь Дархан-Уул аймгийн “Ногоон байгууламж хөдөлгөөн” аяны хүрээнд Амарсанаа гэдэг хүн бидэнд 500,000 төгрөг хандивлаж байсан. Бодит ажил хийгээд, тэрхүү  ажлаа эцэг, эхчүүд болон төр болоод төрийн бус байгууллагуудтай  ойлголцож чадвал ямар ч ажлыг хийж болдог юм байна гэдгийг эндээс харж байгаа.

-Хүүхдүүд ногооны талбайд ажиллавал бүр л бужигнуулаад хаячихмаар санагдах юм?

-Ногооны хүлэмжинд анги болгон ээлжээр орж ажиллана. Дундаас дээш бүлэг буюу 3-аас дээш насныхан  үрсэлгээн дээр ажиллана. Харин бага бүлэг ажиглалт хийнэ. Ногооны талбай дээр багш юу хийж байгааг ажиглана, харна. Эхэндээ хүүхдүүд  талбай дээр орж ирээд нэг их сонирхдоггүй. Гэтэл багш  нь дагуулаад  юм хийлгээд, хийж байгаагаа  харуулаад байхаар хүүхэд өөрөө сонирхлоороо хийж эхэлдэг. Тэд юуны түрүүнд ногооны талбай дээр хаа сайгүй гишгэхгүй, зориулалтын талбай, замаар явахад суралцдаг.  Тарьсан ногоон дээр гишгэхгүй явж сурах нь ногоо тарихаас илүү хүмүүжлийн ач холбогдолтой. Манай багш нар  хавар цэцэрлэгийн хашааны цасаа хүлэмжинд оруулахад хүүхдүүдтэйгээ хамтран  ажилласан. Хүүхэд хөдөлмөр хийх ихээхэн сонирхолтой байдаг. Ойлгохгүй байх, чадахгүй байх гэж бодох нь буруу юм байна гэдгийг бид энэ 2 жилийн хугацаанд ухаарсан. 

-“Түшиц” цэцэрлэг гэхээр багш нар илүү цагаар ажиллах уу. Түрүү та багшийн хандлагыг өөрчлөх зорилт тавьсан гэж байсан. Хандлага өөрчилснөөр ямар үр дүн гарч байна?

-Анх түшиц цэцэрлэгээр сонгогдоод эхний үед ачаалалтай  ажилласан. Одоо  чанарын шинэчлэлийн зорилгыг ойлгож, үр дүнг нь харсан учраас багш нар төдийгүй ажилчид маань  бүгд дор дороо санаачилга гаргаж дуртай зүйлдээ цаг харамгүй зарцуулдаг болсон. Бусад цэцэрлэгтэй адил цагийн хуваариар ажиллана.  Багш нар  өөрсдөө санаачилга гаргаад  ажиллахаар мэргэжилдээ дур сонирхолтой болдог юм байна. Идэвхитэй, санаачилгатай  ажилладаг нь манай хамт  олны давуу тал. Бид багш нарынхаа чадамжийг дээшлүүлэхийн тулд сар бүр  сургалтын хэрэглэгдэхүүний уралдаан зарладаг. Энэ үеэр багш бүр арга  зүйгээ шинэчилж  хүүхэд бүрийн хөгжлийг хангахуйц олон хувилбараар хичээлийн хэрэглэгдэхүүн хийж ажилладаг болсон. Аймгаас зохион байгуулагдсан “Сургалтын технологийн шинэчлэл” уралдаанд манайх таван хэрэглэгдэхүүн хийж оролцож аймагтаа нэгдүгээр байрт орсон. Энэ бол бидний ажлын үр дүн. Багш нараас гадна эцэг, эх олон нийтийн байгууллагууд  санаачилгаараа тусалдаг болсон. Жишээ нь  “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн нийт сурагчид  манай цэцэрлэгт тоглоом наадгай шинээр бэлэглэж сургалтын орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд бид маш их талархаж байгаа.

\

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button