Кенид лалын алан хядагчид дайралт хийж 147 хүний аминд хүрлээ
Кенид 4-р сарын 2-ны үүрээр лалын хэт явцуу үзэлт зэвсэглэсэн этгээдүүд Гаррис хотын их сургуулийн оюутны хотхон руу дайралт хийжээ. Энэ дайралтын улмаас 147 хүн алагдаж, 79 хүн шархадсан байна. Кенийн арми яаралтай арга хэмжээ авч оюутны хотхоныг бүслэн тусгай ажиллагаа явуулаад оройдоо л алан хядагчдыг устгажээ.
Дайрсан этгээдүүд нь алан хядах "Аш-Шабааб" бүлэглэлийн хүмүүс байсан. Энэхүү бүлэглэлийн төлөөлөгч нь дайралт хийхдээ лалын шашинтан оюутнуудыг суллан тавиад зөвхөн христийн шашинтнуудыг буудан хороож барьцаалсан гэдгээ мэдэгдсэн байна. Дайралт хийх болсон шалтгааныг дурдахдаа Кенийн зэвсэгт хүчин Сомали дахь алан хядагчдын эсрэг олон улсын цэргийн ажиллагаанд оролцсон гэжээ. Дайралтын үеэр 50-н оюутан зугтсан тулдаа амьд үлдсэн гэж Улаан загалмайн нийгэмлэг мэдэгдэв.
Гэрчүүдийн хэлж байгаагаар алан хядагчид үүрээр дайрсан тул дийлэнх оюутнууд унтаж байсан аж. Алан хядагчид хотхоны хамгаалагчдыг буудан хороож дайран ороод эмх замбараагүй гал нээж эхэлсэн байна. Мөн нэг бөмбөг дэлбэлсэн. Үүний дараагаар оюутнуудыг барьцаалан дотуур байранд бүгжээ. Кенийн цэргийнхэн 12 цаг үргэлжилсэн тусгай ажиллагаа явуулаад дайралт хийсэн дөрвөн алан хядагчийг устгасан байна.