Багануур, Налайх дүүргийг дагуул хот болгох шийдвэр гарлаа
Нийслэлийн ИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан тав хоног завсарласны эцэст Налайх, Багануур дүүрэгт дагуул хот байгуулах тухай асуудлыг баасан гарагт хэлэлцэж баталлаа. Ийнхүү нийслэл Улаанбаатар хот анх удаа албан ёсоор дагуул хотуудтай болж байна.
Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор дагуул хот байгуулах талаар урьдчилсан ажлууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд тухайн дүүргүүдийн иргэдээс “Хот байгуулах асуудал”-аар санал хураалт явуулсан билээ. Багануур дүүрэгт энэ оны нэгдүгээр сарын 22, 23, Налайх дүүрэгт нэгдүгээр сарын 22-ны өдөр санал хураалт явуулж, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн юм.
Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн анхны дагуул хотуудыг байгуулах түүхэн шийдвэрийг гаргалаа.