Долоо хоногийн тойм
Өнгөрөгч долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Монголын “Эдийн засгийн форум” болов
Засгийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын эдийн засгийн чуулган” болов. Хоёр өдөр үргэлжилсэн тус "Эдийн засгийн форум"-д Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар оролцож үг хэлсэн бөгөөд урьд жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээтэй далайцтай боллоо.
Форумын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болоод цаашдын нөхцөл байдлын талаар ярилцаж салбар хуралдаануудаар манай улсын эдийн засагтай холбогдох олон асуудлуудыг хэлэлцэв. Өнгөрсөн жил “Монголдоо бүтээцгээе” ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдсан бол энэ жил “Итгэлцэл” гэдвимйн дор боллоо.
Чуулганы нийт салбар хуралдаанд 900 орчим төлөөлөгч оролцлоо.
Нийслэлийн анхны дагуул хотуудыг байгуулах түүхэн шийдвэрийг гаргав
НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан 5 хоног завсарласны эцэст өнгөрөгч долоо хоногт болж, Налайх, Багануур дүүрэгт дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.
Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор дагуул хот байгуулах тухай асуудал ажил өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхэлсэн бөгөөд тухайн дүүргүүдийн иргэдээс "Хот байгуулах асуудал"-аар Багануур дүүрэгт 01 дүгээр сарын 22, 23, Налайх дүүрэгт 01 дүгээр сарын 22-ны өдөр санал авч, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн юм. Ийнхүү НИТХ-ын ээлжит 25-р хуралдаанаар нийслэлийн анхны дагуул хотуудыг байгуулах түүхэн шийдвэрийг гаргалаа. Энэ бол Монгол Улсын түүхэнд хөгжлийн шинэ эхлэл тавих том шийдвэр юм. Цаашид Улсын нийслэл Улаанбаатар улам өргөжин тэлж, дагуул хоттой болсноор засаг захиргааны хуваарьт ч өөрчлөлт орно гэсэн үг.
Орон сууцны урьдчилгааны 20 хувийг төр батлан даах шийдвэр баталгаажив
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хамгийн анхаарал татсан асуудлуудын нэг байсаарг ирсэн орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөртэй холбоотой чухал мэдэгдэл хийв. Тэрээр найман хувийн зээлийн урьдчилгаа 30 хувь байсныг 10 хувь болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах шийдвэрт хүрсний дуулгасан юм. Мөн орон сууцны талбайн хэмжээг 80 ам.метрээс доош хэмээн заасан байсныг цуцалж, талбай харгалзахгүй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрджээ.
Иргэдэд орон сууц авах хэрэгцээ их байгаа хэдий ч 30 хувийн төлбөр төлөх шалгуурт унаад байгаа юм. Учир нь 30 хувиа төлөөд орон сууц авах хүмүүсийн тоо хангагдчихаад байгаа юм. Харин үлдсэн хүмүүс нь 30 хувийн урьдчилгааг төлөх боломжгүй байгаа юм. Тиймээс Засгийн газраас орон сууцны эрэлтийн талд нь дэмжиж, нөгөө талдаа борлуулалт нь зогсонги байдалд орсон барилгын салбараа дэмжиж буй юм. Энэ жилийг “Хүн төвтэй барилгын салбар” гэсэн уриатайгаар ажиллаж байгаа юм.
Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ.
Шүүх, прокурор тойрсон томилгоонууд хийгдэв
Өнгөрөгч долоо хоногт шүүх, прокурор тойрсон томилгоонууд хийгдлээ. Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тушаал гаргаж өөрийн туслахаар хурандаа Ц.Арвинбуудай, нийслэлийн прокурор Б.Бат-Орших нарыг томиллоо. Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газрын бүтэц, орон тоог шинэчилсэн. Хурандаа Ц.Арвинбуудай нь М.Энх-Амгалан прокурортой нэгэн үе цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж байсан түүхтэй нэгэн ажээ. М.Энх-Амгалан прокурор түүнд Тамгын газрын даргын албан тушаал өгч, энэ албыг хашиж байсан Б.Үнэнбатыг чөлөөлжээ. Харин Б.Бат-Оршихыг Нийслэлийн прокурорын албан тушаалаас нь чөлөөлж УЕП-ын туслахаар томилов. Түүнд Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалыг хариуцуулжээ. Б.Бат-Орших нь УЕПГ-аас зохион байгуулсан сонгон шалгаруулалтад дээрх албан тушаалд өрсөлдөж хамгийн өндөр оноог авсан юм байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүхийн шүүгчийн шалгуур хангасан дөрвөн хуульчийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд шүүгчээр Г.Алтанчимэгийг, П.Золзаяаг, Захиргааны хэргийн танхимд П.Соёл-Эрдэнийг, Эрүүгийн хэргийн танхимд Ч.Хосбаяр нарыг томилуулахаар нэр дэвшүүлсэн юм.
Инээдмийн баяр тохиов
Өнөгрөгч долоо хоногт Олон улсын инээдмийн баярын өдөр тохиолоо. Энэ өдөр дөрөвдүгээр сарын нэгний өдөр гэдгийг уншигчид мэдэж буй биз ээ. Уг өдрийг Монголчууд ихэд өргөн тэмдэглэдэг болсон бөгөөд бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй байна
Гэвч хамгийн энгийн тайлбараар хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг амралтын өдөрт зориулсан баяр юм. Орчин үед хүмүүс уламжлалын дагуу энэ өдрийг өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр баяраа тэмдэглэн бие биенээ хөгжөөдөг байна. Сүүлийн үед энэ өдрөөр хүмүүс зохион байгуулалтай худал мэдээллийг хэвлэлээр тараан хөгжилддөг болжээ.
olloo.mn