С.Сарантуяа: Энэ жил драмын жүжгийн төрөлд шилдгийг шалгаруулахгүй

Драмын урлагийн хамгийн том шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох “Гэгээн муза-2015” наадам энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, ирэх тавдугаар сарын 17-23-нд болох тус наадамд одоогийн байдлаар хот, хөдөө орон нутаг, олон улсаас гээд 47 бүтээлийг ирүүлээд байгаа бөгөөд тус бүтээлүүдийг хүүхдийн жүжиг, ганц хүний, драмын жүжиг, дуулалт жүжиг гэж дөрөв ангилан шүүх аж. Ингээд Гэгээн муза наадмын зохион байгуулагч МУГЖ С.Сарантуяатай ярилцлаа.

-Гэгээн муза-2015 наадамд хэдэн орны уран бүтээлчид оролцохоор мэдүүлэг ирүүлээд байгаа вэ?

Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил гаднаас  ирж оролцох уран бүтээлчдийн тоо  нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл манайхтай нийлээд нийт есөн орон оролцох юм. Тухайлбал ОХУ-ын Буриад улсаас нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй ирж байхад эндээс найман уран бүтээлч  эрхээ аваад оролцож байх жишээтэй. Мөн Өвөрмонголоос 40 гаруй уран бүтээлч, харин нэг хүний жүжгийн төрөл болоод ирэхээр хүний тоо багасаад ирдэг юм. Тэгэхээр нийтэд нь аваад үзвэл 100 гаруй уран бүтээлч болоод  явчихаж байгаа юм. Эндээс  нэр дэвшсэн 62 уран бүтээлч үндсэн номинац дээрээ өрсөлдөнө. Нэг хүний жүжгийн төрөл дээр мэргэжлийн шүүгч болох Герман улсаас зохиолч, найруулагч  Нина Мазурыг авчирсан байгаа.  

-Энэ жилийн  наадмын онцлог юу вэ?

-Бид өнгөрсөн оны 11 дүгээр сард Армен улсад болсон Олон улсын Театрын Институтын 34 дүгээр  их хуралд төлөөлөгчөөр оролцож тэр үеэрээ “Гэгээн муза” наадмынхаа үйл ажиллагааг танилцуулж, албан ёсоор Монголын “Гэгээн муза” наадам олон улсын наадам мөн гэдгийг баталгаажуулж ирсэн сайхан амжилтаар наадмаа угтах гэж байна. Энэ удаа бидэнтэй  Нийслэлийн засаг даргын Тамгын газар,БСШУЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Энэхүү өндөр нэр хүндийг авчирч байгаа нь монголын театрын хөгжил, уран бүтээлчдийн ур чадварын түвшин ямар байна вэ гэдгийг өөрийн орондоо ирсэн гадны уран бүтээлчдэд сурталчлан таниулж байна гэсэн үг. Ингэж   зөвхөн театрын хөгжлийг танилцуулаад зогсохгүй нийслэл хотоо сурталчлах өргөн боломж нээгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.

-Энэ жил яагаад драмын төрлөөр шилдгийг шалгаруулахгүй болсон бэ?

-Энэ жил манай наадам нийт дөрвөн төрөлд шилдгийг шалгаруулах байгаа. Драмын төрөлд энэ жил шаардлага хангах бүтээл ирээгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ төрөлд нэр дэвшиж буй бүтээлээс  дор хаяж гурван  номинацид уран бүтээлчид нь өрсөлдөх ёстой байдаг. Гэтэл энэ жил энэ шаардлагыг хангах бүтээл байсангүй.

өн инээдмийн  жүжгийн төрөлд ч мөн ялгаагүй юу?

-Тиймээ энэ жил инээдмийн жүжгийн төрөлд ердөө ганцхан бүтээл  нэр дэвшсэн. Ингээд ямар өөрөө өөртэйгөө уралдаж шагнал авалтай биш. Тиймээс энэ төрлийг мөн хассан байгаа.

-Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулаач дээр хэлсэнчлэн гаднаас шүүгчид  ирнэ гэж байсан?

-Тиймээ ганц хүний жүжгийн төрөл дээр мэргэжлийн шүүгч болох Герман улсаас зохиолч, найруулагч  Нина Мазурыг авчирсан байгаа.Мөн манайдаа нэр хүндтэй урлагийн чадварлаг мэргэжилтнүүд шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан байгаа. Ерөнхий шүүгчээр АЖ Н.Сувд  ажиллаж байна. Манай шүүгчид бүгд тангараг шүүгчийн тангараг  өргөн ажилладаг.   

– Наадмын хүрээнд бусад ямар ажлууд зохион байгуулагдах вэ?

-“Гэр” театрын нээлт болно. Энэ үеэр “Нэг хүний жүжигт найруулах жүжиглэх арга ажиллагаа, хандах хандлага”, “Нэг хүний жүжгийг хэрхэн бичих вэ” зэрэг хоёр сургалт явуулж байгаа . Уран бүтээлчдээ мэргэшүүлэх зорилгоор энэ сургалтыг  явуулж байгаа юм. Нэгдүгээр шатанд нийт 49 бүтээл ирснээс 21 бүтээл орохоор нэр дэвшсэн.

Ярилцсанд баярлалаа

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button