Анхааруулсаар байхад "аюулд өртөгсөд"

“Цасан шуурга шуурна… байгалийн онц ноцтой үзэгдэл болно… зам даваа хаагдана… анхаарал болгоомжтой байгаарай…” хэмээн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлсэн. Гэвч автомашинтайгаа явсан 6 хүн, малынхаа араас явсан 4 хүн сураггүй алга болж эрлийн багийг шуурхай ажиллахад хүргэв. Эдгээр хүмүүсийг ямар нэгэн аюул осолд өртөж, осгож гэмтэхээс нь өмнө эсэн мэнд олсон ч ийм нөхцөл байдалд хүрэхгүй байх боломжтой байсныг хүн бүр л хэлж байна.  

 

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, онц аюултай гэнэтийн үзэгдлийг хүн даван туулж чадахгүй. Харин урьдчилан сэргийлсэн үед, хохирол багатайгаар давах боломжтой. Гэтэл анхааруулж, сануулсаар байтал алс замд гарч, автомашинаа цасанд хучуулах хэмжээнд хүрч байгаа нь Монголчуудын хайхрамжгүйнх гэлтэй.

 

Энэ сарын 2-ноос 3-нд шилжих шөнийн цасан шуурганы улмаас Увс аймгийн Наранбулаг, Тариалан, Өлгий, Өмнөговь зэрэг суманд байдал хүндэрч, болзошгүй нөхцөл байдал үүссэн юм. Энэхүү цасан шуурганы улмаас тус орон нутгийн 4 иргэн алга болоод байсныг эрлийн баг шуурхай ажиллаж, эсэн мэнд олжээ. Гэвч цаг агаар муудаж, нөхцөл байдал хүндэрчихээд байхад орон нутгийг зорсон хөдөлгөөн тасрахгүй байснаас болоод  зам, даваа боогдож, олон тооны автомашин цасанд сууж, байдлыг улам хүндрүүлсэн юм.

\

 

Тэгвэл цасан шуурганы үеэр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас гарсан “Истана” маркийн автомашинтай зургаан иргэн сураггүй алга болсон юм. Харин эрлийн баг тэднийг хоёр хоногийн дараа Төв аймгийн Эрдэнэсант сумаас 10 орчим км-ийн зайд байхад нь олсон байна.

 

Өчигдрөөс зарим зам даваанууд нээгдсэн. Гэхдээ л хүйтний эрч буурахгүй, орсон цасны хэмжээ их зэргээс хамаарч орон нутагт хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Мал төллөлт эхэлсэн энэ үед ийм их хэмжээний цас орсон малчдад хүндхэн байгаа нь мэдээж. Тиймээс зарим аймагт малчдад туслах хөдөлгөөн өрнөжээ. Аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Цэргийн ангиуд нэгдэж, малчдад өвс, мод түлээ хүргэх, боогдсон зам давааг нээх зэрэг ажилд хүч нэмж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн байна.

\

 

Хавар орсон хур тунадас “шар тос” хэмээн олзуурхан хүлээн авах нь бий. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйлийг үл тоох хандлагаас болоод иргэд бие, эрхтэн, эд, материалаар хохирсоор байгааг анхаарах хэрэгтэй байна.

 

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button