А.Ариунболд: СӨХ-ийн Дээд зөвлөлийг татан буулгах шийдвэр гарчихсан
ШӨХТГ-т ирж байгаа нийт гомдлын дийлэнхийг СӨХ-тэй холбоотой гомдол эзэлж байгаа ажээ. Иймээс анхаарал татсан энэ асуудлаар ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдтой ярилцлаа.
-СӨХ-дын үйл ажиллагааг шалгах ажил үргэлжилж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Манайд ирж байгаа нийт гомдлын ихэнхийг СӨХ-тэй холбоотой гомдол эзэлж байна. Дийлэнхдээ СӨХ-ийн үйл ажиллагааны төлбөр хураамж, засвар үйлчилгээ зэрэг тулгамдаж байгаа асуудлуудаар гомдол их ирж байна. Улаанбаатар хотын 9 дүүрэг , цаашлаад орон нутагт байгаа СӨХ-үүдээс ч гомдол ирж байна. Эхний ээлжинд манайх нийслэлийн зургаан дүүрэгт хяналт шалгалт хийхээр болсон. Нийслэлд 600 орчим СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүгдийг “нэг амьсгаагаар” шалгахгүй. Хүн хүч дутмаг байна. Манайх 20-оод байцаагчтай. Үүнээс 6-7 байцаагч нь СӨХ-ыг шалгах ажлыг хийж байна. Эхний ээлжид манайх иргэдээс ирж байгаа гомдлыг харгалзаж үзээд Баянгол, Чингэлтэй дүүрэгт шалгалтыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд дүүргийн хороодын хэсгийн ахлагч нартай уулзалт хийлээ. Хороодын хэсгийн ахлагч гэдэг тухайн газарт амьдарч байгаа иргэдтэйгээ хамгийн ойр байдаг хүмүүс. СӨХ-дын дарга нартай ч уулзаж байна. Мөн иргэд СӨХ-ийн талаар мэдлэг муу байна. Иймээс СӨХ-үйл ажиллагаанд иргэд өөрсдөө хэрхэн хяналт тавих вэ гэдэг таниулах ажлуудыг бас хийж байна.
-Ирж байгаа гомдлуудаас тодруулбал?
-Шинээр баригдаж байгаа орон сууцны хороолол оршин суугчаа хүлээж авахаасаа өмнө СӨХ-өө байгуулчихсан байх жишээтэй. Энэ мэт зөрчлүүд их гарч байна. Ихэнх нь эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа гомдол эзэлж байна.
-Иргэд өөрсдөө СӨХ-ныхоо үйл ажиллагаа, санхүүд хяналт тавих ёстой биз дээ?
-Тиймээ. Иргэд өөрсдөө СӨХ-дөө хяналт тавих ёстой. СӨХ-ийг байгуулах эрх нь оршин суугчдад байдаг. СӨХ-ийн эрх барих дээд байгууллага нь олон түмний өөрсдийнх нь хурал буюу оршин суугчдын хурал байдаг.
-СӨХ-д тухайн байрныхаа засвар үйлчилгээг хариуцдаг гэдгийг өнөөдөр хүн бүхэн мэднэ. Тэгвэл тухайн байрны иргэдийн байнга зорчдог ойролцоох зам талбайг хариуцдаг юм болов уу?
-СӨХ өнөөдөр ямар үүрэгтэй байгууллага вэ гэхээр тухайн орон сууц хорооллын иргэдийн аятай тухтай нөхцөлийг хангахын тулд иргэд нь өөрсдөө байгуулдаг сайн дурын олон нийтийн байгууллага юм.
Яагаад ийм байгууллага байгуулах шаардлага гарч байна вэ гэхээр 1990-ээд оноос хойш барилга байгууламж нэмэгдэж, түүнийхээ хэрээр хувьчлал өрнөсөн. Төрийн гүйцэтгэх үүрэг тодорхой хэмжээнд хумигдсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, төр орон сууцуудын бохир, дулаа, халаалт гэх үйл ажиллагаа голдуу хариуцах болсон. Гэтэл засвар үйлчилгээний ажил орхигдсон.
Гэтэл тухайн айл амьдарч байгаа байрны шат, коридор, лифт зэрэг зүйлс дундын өмч шүү дээ. Дундын өмчид тухайн байранд амьдарч байгаа иргэд хамтарч өөрсдөө санаа тавихгүй бол өөр хэн санаа тавих вэ. Энэ асуудлыг шийдэх л гэж СӨХ байгуулах болсон.
Харин чиний асуусан орчны зам талбайтай холбоотой асуудал дээр хэлэхэд, СӨХ-дын хувьд хуульд заасны дагуу орны зам талбайд санаа тавиад холбогдох төрийн байгууллагад энэ асуудлаа уламжлах үүрэгтэй. Байрны гаднах зам талбайн засвар үйлчилгээг төрийн байгууллагад хандаж, хийлгэж болно. Тэгэхээр тухайн зам талбайг засварлаж янзлахад СӨХ-ийн дарга бас үүрэгтэй л оролцоно.
-Өнөөдөр СӨХ-ийн иргэдээс авч байгаа төлбөр харилцан адилгүй байна. Хотын захын СӨХ 3500 төгрөгийн төлбөр авч байхад Зайсан хавьцаа баригдсан байруудынх 30 мянган төгрөг байх жишээтэй. Ийм зөрүүтэй төлбөр авах нь шударга уу?
-СӨХ-ийн төлбөрийг үзэмжээр шийддэггүй гэдгийг хэлье. Энэ бол үндэслэл тооцоо судалгаагүйгээр төлбөрийг шийдэж байгаатай холбоотой. Энэ бол зүгээр нэг барааны ханш биш шүү дээ. Орон сууцны ханштай ямар ч хамаагүй. Мэдээж, тансаг зэрэглэлийн хороолол баригдаж байгаа. Түүний үнэ ханш өндөр байгаа нь мэдээж. Тэглээ гээд үнэ ханш стандарт хоёр тусдаа асуудал. Тухайн байранд ямар үйлчилгээний зардал гарна, түүнийг тооцож, СӨХ-ийн төлбөрийг тогтоодог юм. Түүнээс биш хотын захад СӨХ-ийн төлбөр бага байна. Хотын төв бүсэд өндөр үнэтэй байна гэдэг ойлголт бол буруу. Гол нь үйлчилгээний зардал хэд гарч байна түүгээрээ л тооцох хэрэгтэй. Мөн СӨХ-ийн санхүүд иргэд өөрсдөө хяналт тавьж, тайлантай нь танилцаж байх хэрэгтэй.
-Өнөөдөр тухайн байр сайхан байх уу, муухай байх уу гэдгийг СӨХ-ийн эзэн, дарга шийдэж байна. СӨХ өнөөдөр “овсгоотой нэгний нүдээр” мөнгө олох хэрэгсэл бизнес болж харагдаж байна?
-Иргэд өөрсдөө хяналтаа тавьж байх ёстой, эрхтэй. Үүнийгээ тэд мэддэггүй. СӨХ-ийн тухай хуулиа унш. Түүн дээр тодорхой заачихсан байгаа. СӨХ-үүд тайлангаа тодорхой хугацаанд оршин суугчдадаа танилцуулж байх хэрэгтэй.
СӨХ-д эзэн гэж байхгүй. СӨХ-ийг нийт оршин суугчид өөрсдөө байгуулна. Тэгээд дундаасаа үйл ажиллагааг нь базаад авч явах хүнээ сонгоно. Нэг үгээр хөлсний хүнээ сонгоно. Тэр хүмүүсийн өмнөөс гүйж харайж, тухайн байрыг манаачтай, жижүүртэй , лифт нь эврэлгүй, хог шороогүй байлгахад анхаарна. Үнэхээр СӨХ-ийн бизнес мэтээр хараад байгаа бол иргэд хуралдаад л аваад хаячих хэрэгтэй. Иргэд эрхтэй мөртлөө эрхээ эдлэхгүй байна. Иймээс оршин суугчид идэвхтэй хуралдаанаа хийдэг байх хэрэгтэй. Интернэт ороод л хуулиа үзчих.
Энэ асуудлаа дотроо шийдэж чадахгүй бол энэ талаар дүүрэгтээ хандаж бас болно.
-СӨХ-ийн Дээд зөвлөлийг татах буулгах асуудал ямар шатандаа явж байна вэ?
-СӨХ-ийн Дээд зөвлөл гэж төрийн бус байгууллага байгуулагдаад ажиллаж байсан. Ажиллаж байсан гэж хэлж байгаа маань ШӨХТГ-аас энэ тус байгууллагыг татан буулгах асуудлыг шүүхэд тавиад татан буулгах тухай шүүхийн тогтоол гарчихсан гэсэн үг. Үүнийхээ дагуу шүүхээс ШШГЕГ-т одоо хэрхэн татан буулгах, хууль бусаар СӨХ-доос хураасан 560 гаруй сая төгрөгийг буцаан олгуулах асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар хэрэгжиж байна.
Би түрүүн хэлсэн, СӨХ бол тухайн оршин суугчдын эрхийг хамгаалдаг байгууллага гэж. Гэтэл хаа хамаагүй Дээд зөвлөл гэж байгууллага байгуулчихаад бусад СӨХ-үүдийг “бид бол толгой байгууллага хэмээн СӨХ-үүдийг гишүүнээр элсүүлчихээд төлбөр хураамж авсан байсан. Ингэхдээ 560 гаруй сая төгрөгийн төлбөр хураамжийн хууль бусаар авсныг шүүхээс тогтоосон. Харин одоо энэ мөнгийг буцааж олгох тухай асуудлыг хэрэгжүүлж байна.
Тэгэхээр СӨХ-ийн Дээд зөвлөл гэж байгууллага маань өөрөө хууль бус. Дээр нь СӨХ-үүдийг элсүүлэхдээ заавал манайд элсэх ёстой гэдэг байдлаар элсүүлсэн. Заримыг нь нь дарамт шахалт үзүүлсэн байсан. Тухайлбал, дулаан цахилгаан хариуцдаг үйлдвэрийн газруудтай гэрээ хийгээд “СӨХ-үүдийг Дээд зөвлөлд элсэхгүй бол халуун, дулаанаар хангахгүй гэдэг асуудлыг хүртэл ярьсан байсан. Иймээс энэ талаар шүүхэд хандаад нэг удаа эвлэрлийн өмнө нь байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр СӨХ-ийн Дээд зөвлөл хууль бус үйл ажиллагаа явуулахгүй, төлбөр хураамж авахгүй, гишүүнчлэлээр элсүүлэхгүй гэсэн гэрээ байгуулсан. Гэтэл СӨХ-ийн дээд зөвлөл эвлэрлийн гэрээгээ зөрчсөн.
Иймээс энэ байгууллагыг татан буулгаач гэж шүүхэд тавьсан. Энэ дагуу татан буулгах шийдвэр гарчихсан. Одоо бол ШӨХТГ-аас хийх ажлаа хийчихсэн. Шүүхээс ямар байдлаар татан буулгах вэ гэдгийг л харж байна.
Энэ асуудалд СӨХ-ийн Дээд зөвлөл болон СӨХ-доос янз бүрийн мэдэгдэл хийж байна. СӨХ-ийн Дээд зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн Д.Арвин твиттер хуудсаараа ШӨХТГ-ын даргыг дарамтлах байдал гаргасан. Тиймэрхүү байдал гаргаж байгаа нь харамсалтай л үйлдэл байгаа юм. “Чи үлдэх үү, би үлдэх үү” гэх мэтээр дарамталсан. ШӨХТГ гэх төрийн байгууллага бол хуульд заасан чиг үүргээ л биелүүлж байна. Цаана нь олон зуун айлын эрхийг хамгаалж байна. Хуульд ШӨХТГ хараат бус үйл ажиллагаа явуулна гээд заачихсан байдаг. Гэтэл энэ эрхэд халдаж байгаа үйлдлийг Д.Арвин гишүүн гаргасан нь харамсалтай.
Olloo.mn