Улаанбурханы вакцин хийлгээгүй хүүхдүүд ихэвчлэн өртөж байна
2010 оноос хойш манай улсад огт бүртгэгдээгүй улаанбурхан өвчний анхны тохиолдолд өнгөрсөн сарын 18-нд эмнэлгийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ сарын 2-ний өдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний 383 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа ба үүнээс 108 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаа юм.
Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд дунд улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй, дархлаа сул, суурь өвчтэй, тураалтай, олон дахин эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг, амьдарч буй орчин нөхцөл нь тааруу, гэр хорооллын бага насны хүүхдүүд цөөнгүй хувийг эзэлж байна. Түүнчлэн ихэнх хүүхдүүд нь товлолт вакциндаа ямар нэгэн шалтгаанаар хамрагдаагүй байсан байна. Тиймээс эцэг, эхчүүд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах, энэ талын мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээлж байна.
Улаанбурхан өвчний тууралт нь бусад тууралтаас өвөрмөц ялгаатай бөгөөд тууралт бүх биеэр нэгэн зэрэг гардаггүй байна. Тодруулбал, тууралт нь толгой хэсгээс эхэлж гараад чих хавиар туурах, мөн нүүр, хүзүү, гар хөл гэх мэт шаталсан дараалалтай туурдаг. Нөгөө талаар нүд улайх, нус гоожих, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тиймээс ганцхан тууралтаар оношлох боломжгүй. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай харъяа дүүргийн өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд хандах хэрэгтэй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.