УИХ, иргэний хөдөлгөөнийхнийг том төслүүдийг гацаахгүй байхыг санууллаа
Баялаг бүтээгчдийн хөдөлгөөний гишүүд дэмжигчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өчигдөр хийсэн мэдэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мэдээллийн үеэр олон жил гацаанд ороод байсан томоохон төслүүдийг хөдөлгөөнд оруулах болсон нь маш зөв алхам хэмээгээд харин энэхүү ажлыг УИХ болоод иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцэн гацаахгүй байхыг хүссэн юм. Ингээд “Баялаг бүтээгчдийн хөдөлгөөн”-өөс гаргасан мэдэгдлийг хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүд, Иргэний хөдөлгөөнүүдэд
Монгол улсын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг 2015 оны дөрөвдүгээр сарын 05 –ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийж, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг урагшлуулах зоримог шийдвэр гаргасанд баялаг бүтээгчид бид талархан хүлээн авч дэмжиж байна.
Том төслүүдийн хөрөнгө оруулалт гацаанд орсноор үндэсний олон зуун ханган нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зарим нь дампуурч, цаашид хэрхэх нь тодорхойгүй байдалд байна. Элдэв улстөржилт, хоосон популизм, газар шороо уул усаа хамгаалах гоё нэртэй хөдөлгөөнүүдийн балгаар олон төсөл хөтөлбөрүүд зогсож, Монголчууд хэдэн арван мянгаараа ажлын байргүй болж, ядуурч байна. Баялаг бүтээгчид бид энэ бүгдийг хангалттай ажиглаж, харж буулаа. Одоо дахин хүлээж, хүлцэж суух цаг бидэнд байхгүй.
Иймд уул уурхай, дэд бүтцийн чухал төслүүдээ урагш нь явуулсан шиг явуулж, дахин улстөржилт, элдэв популизмаар төслүүдээ гацаахгүй байхыг УИХ-ын эрхэм гишүүд болон иргэний хөдөлгөөнүүдэд уриалж байна. Хэрэв ямар нэгэн байдлаар том төслүүдийн үйл ажиллагааг гацаах оролдлого гаргавал Баялаг бүтээгчдийн хөдөлгөөний зүгээс эсэргүүцэж, ажлын байргүй болсон мянган мянган ажилласадынхаа хамтаар үе шаттайгаар тэмцэх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
Уул уурхай, дэд бүтцийн том төслүүдийн хөрөнгө оруулалт шийдэгдэж, гацаанаас гарснаар уналтад ороод байсан үндэсний ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа сэргэж, олон мянган ажлын байр бий болохын зэрэгцээ макро эдийн засгийн орчинд эерэг, нааштай өөрчлөлтүүд гарна гэдэгт бид итгэлтэй байна. Монгол Улс минь улам бүр хөгжин цэцэглэх болтугай.
olloo.mn