Туркийн бизнесменүүд Монголд айлчилна
Бүгд найрамдах Турк улсын /БНТУ/-ын Экспортлогчдын холбооноос 14 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид энэ сарын 6-9-нд манай улсад бизнесийн айлчлал хийхээр болжээ. Туркийн бизнесмэнүүд энэ сарын 6-ны өдөр “Blue Sky” зочид буудалд төр болон хувийн хэвшлийн албаны хүмүүстэй уулзана.
Энэ уулзалтад Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Монголын хөрөнгө оруулалтын орчин, боломжуудын талаар илтгэл тавих юм. Мөн энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуйн яамны Эдийн засаг, санхүүгийн газрын дарга Д.Цогбадрах бизнесмэнүүдийн сонирхсон асуултад хариулт өгч санал солилцоно. Тэд мөн энэ сарын 8-ны 14 цагаас МҮХАҮТ-д манай улсын бизнесийнхэнтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.
БНТУ-аас ирэх бизнесмэнүүд олон салбарын төлөөлөл байгаа бөгөөд Монгол-Туркийн бизнесмэнүүдийн холбооноос энэ айлчлалыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.