Хүүхдэд өгөх ёстой эм зүрхний эмээр солигдсоноос болоод хордлого авчээ
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхэд эмэнд хордсон асуудал гараад байгаа. Тус эмнэлэг нь гэрээгээр эм нийлүүлдэг Монос группээс эмчийн жорын дагуу эм авдаг байсан. Гэвч тухайн үед эм нийлүүлэхдээ андуурч буруу эм нийлүүлснээс болоод хүүхдүүд хордоход хүрсэн байна.
2015 оны гуравдугаар сарын 19-ны өдөр ЭХЭМҮТ-ийн тендерээр олгогдож байсан жилийн эмний хэрэгцээ дууссан байна. Улмаар 20-ны өдөр эм олгогч Моносын эмийн агуулах руу утасдаж, Ланадексон гэх эмийг яаралтай олгоно гэж мэдэгдсэн байгаа юм. Гэвч утсаар захилга өгснөөс болоод алдаа гарч Ланадексон эмийг Ланасорбид гэж андууран олгожээ.
Гэтэл Ланасорбид нь зүрхний архаг дутагдлын үед насанд хүрсэн хүнд өгдөг эм байсан байна. Харин эм олгогчийн хариуцлагагүйгээс болоод Ланадексон хэрэгцээтэй байсан найман хүүхдэд 180 ширхэг эм уулгажээ. Уг нь ЭХЭМҮТ-ийн сувилагчид эм өөрчдөгдсөн гэдгийг дээд албан тушаалтнууддаа мэдэгдсэн байна. Гэвч анхааралгүй тарааснаас болоод найман хүүхэд хордлогод оржээ.
Гэхдээ хүүхдүүдийн биеийн байдал онц гаж нөлөө үзүүлээгүй. Дөрвөн хүүхэд эмнэлгээс гарсан, дөрвөн хүүхэд нь эмчлүүлж байгаа хэмээн МХЕГ-ын ЭМБСХХ-ын дарга Н.Гансүх мэдэгдлээ.
МХЕГ-аас энэ асуудлыг цэвэр удирдлагын алдаа, дотоод хяналтгүй байдлаас үүдэлтэй. Мөн тендерээр нийлүүлж байгаа эмний хангамжийн асуудалтай холбоотой гэж үзэж байгаагаа тэрээр хэлсэн юм. Түүнээс гадна хувь хүний хариуцлагагүй байдал, чухал ажлын байран дээр хайхрамжгүй анзааргагүй хүн ажиллуулсан зэрэг алдаа бий гэв.
Ямартай ч “Эм, эмнэлгийн хэрэгсэл, Эрүүл мэндийн хууль”-ийн дагуу байгууллагын удирдлагуудад мөнгөн торгуулийн арга хэмжээ авахаар болсон байна.
Olloo.mn