Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ

​2015 оны хаврын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийсний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хамтран мэдээлэл хийсэн.

Мэдээллийн эхэнд бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын хаврын чуулган эхлээд Ардчилсан намын бүлэг анхныхаа хуралдааныг хийлээ. Бүлгийн гишүүдэд УИХ-ын дарга болон Ерөнхий сайд мэдээлэл хийлээ. Мөн Тавантолгойн асуудлаар гишүүд мэдээлэл авч, санал бодлоо хуваалцаж, шийдвэрлэлээ.

Тавантолгойн асуудлаар гурван зүйл заалттай шийдвэрийг АН-ын бүлэг гаргажээ.

Нэгдүгээрт, АН-ын бүлэг бусад намын бүлгүүдтэй хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Хоёрдугаарт, энэ хэлэлцэж байгаа гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг дээр гишүүд санал нэгдлээ.

Гуравдугаарт УИХ-аар хэлэлцсэний дараа гэрээнд гарын үсэг зурах эрх олгох нь зүйтэй гэж үзлээ” гээд сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

Энэ асуудлаар Ч.Сайханбилэг "УИХ дахь АН-ын бүлэг зуун хувийн ирцтэйгээр хуралдлаа. Тавантолгойн хэлэлцээртэй холбоотой зүйл, заалтуудаа Улсын Их Хуралд оруулж ирж танилцуулаач ээ гэсэн хүсэлтийг Ерөнхий сайдад тавьсан. Үүний дагуу би бүлгийн гишүүдээс нэг зүйлийг хүссэн. Энэ асуудлыг хурдан хугацаанд, хамгийн 14 хоногийн дотор багтаан хэлэлцүүлж шийдвэрлэж өгөхийг хүсссэн. Үндсэндээ зөвшилцөж ойлголцсон гэж ойлгож байгаа. Тэгэхээр Тавантолгойн хэлэлцээр цааш үргэлжилнэ. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч консерциумын төлөөлөгчтэйгээ өнөөдөр уулзаж, энэ чиглэлийн засваруудаа хийнэ. Засгийн газар өнөө орой хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа хэлэлцээд, Улсын Их Хуралд танилцуулах бэлтгэл ажлуудаа базаана. 

Өчигдөр орой би олон нийтэд хандаж үг хэлсэн. Монгол Улс эдийн засгаа тэлэхийн тулд томоохон төслүүдээ хөдөлгөх шаардлагатай байгаа. Нэг, хоёр долоо хоногийн хувьд энэ асуудал харьцангуй гайгүй. Дахиж нийгэмд үл ойлголцол үүсгэхгүйн тулд УИХ энэ асуудлаа яаралтай хэлэлцээд, Засгийн газар холбогдох шийдвэрээ гаргаад явна" гэв.  

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button