Н.Лүндэндорж дарга аа, шүүгч болох хүсэлтэй хуульчид бухимдаж, бужигнаад эхэлчихлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 17/15 дугаар зөвлөмжөөр “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр” батлагдсанаар өнөөдөр Монгол Улсад шүүхийн шинэтгэл хийгдэж байгаа. Мэдээж уг шинэтгэлийн нэг гол зорилго нь шүүхийн боловсон хүчний шинэчлэлийн асуудал бөгөөд шүүгчийн сонгон шалгаруулах арга ажиллагааг сайжруулж мэргэшсэн чадварлаг шүүгчдийг сонгон олж шүүгчээр ажиллуулах нь хамгийн гол зорилго байсан.
Тэгвэл энэхүү зорилт замаасаа хазайж олон хүний бухимдлыг төрүүлэх боллоо. Ингэж хэлэхийн учир нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт шударга бус явагдсан талаарх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа гарах боллоо. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нэр бүхий шүүгч нарын нэрсийг ШЕЗ-өөс өргөн мэдүүлсэн нь асуудал дагууллаа гэсэн үг.
Өөрөөр хэлбэл шалгалтад өндөр оноо авсан мэргэжлийн хуульчдын дүнг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс татан авч шалгаач гэх хүсэлтийг олон хүн биднээр дайн өгүүлж байна. Тухайлбал, ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу нийт 19 нэр дэвшигч эрүү, захиргаа, иргэний танхимын шүүгчдийн сонгон шалгаруулалтад оролцсоноос 11 хүн тунаж үлдэн шалгалтад орсон аж. Энэхүү шалгаруултад хамгийн өндөр оноо авсан хүмүүс нь МУИС- ийн Хууль зүйн сургуулийн багш нар байсан гэдэг.
Өөрөөр хэлбэл, тус сургуулийн багш нар нэр дэвшсэн бусад хүмүүсээ хол тасархай хаяж шүүгч хийх болзлоо хангаад байсан байна. Ингээд шалгалтын явцад доорх нэр бүхий хүмүүсийг оноогоор ңь ийнхүү эрэмбэлж байсан байна.
Үүнд, Эрүүгийн шүүгчид, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, доктор, Ж.Эрдэнэбулган, Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Ч.Хосбаяр. Захиргааны шүүгчид, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Захиргааны эрх зүйн тэнхимийн багш, доктор Г.Банзрагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, эрх зүйн онолын тэнхимийн багш Л. Өлзийсайхан, Удирдлагын академийн багш, доктор Д.Сүнжид, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч П.Соёл- Эрдэнэ.
Иргэний шүүгчид, МУИС- ийн Хууль зүйн сургуулийн Иргэний тэнхимийн багш Д.Энхзул, Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, тус шүүхийн шүүгч П.Золзаяа, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч С.Буд, Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Б.Наранцэцэг нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу хангалттай үнэлгээ авч ийнхүү эрэмбэлэгдсэн гэсэн үг.
Дээрх нэр бүхий хүмүүс эссэ бичих, мэдээллийн технологийн хэрэглээний чадвар шалгах, эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг шалгах, эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, Үндсэн хуулийн зүйл заалтад онолын тайлбар бичих, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт бичиж шалгуулсан. Мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг болон зан төлөвийн ярилцлагын шалгалтуудыг авсан аж.
Гэтэл хамгийн бага оноо авч үнэлгээний эрэмбээр хамгийн сүүлд орсон зарим хүмүүсийн нэрсийг , Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлчихээд байгаа аж. Тухайлбал, Захиргааны шүүгчид, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч П.Соёл-Эрдэнэ. Иргэний шүүгчид, Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, тус шүүхийн шүүгч П.Золзаяа, Эрүүгийн шүүгчид, Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Ч.Хосбаяр нарын нэрсийг Ерөнхийлөгч рүү өргөн мэдүүлсэн байна. Зүй нь бол жагсаалтын эрэмбээрээ тэргүүлсэн хүмүүс сул орон тоон дээр ажиллах болзолыг хангасан гэж хэлж болохоор байгаа юм.
Гэтэл ШЕЗ-ийн таван гишүүн өөрсдийнхөө үзэмжээр нэр дэвшигчдийг ийнхүү тодруулсан нь “Арай ч дээ” гэж хэлэхэд хүргэж буй юм. Уг нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заахдаа нэр дэвшигчийн талаарх олон нийтийн үнэлгээ, шалгалтын дүн, Хуульчдын холбооны дүгнэлтийг үндэслэх учиртай гэж заасан байдаг юм билээ. Гэтэл ШЕЗ-ийн таван гишүүн цаанаасаа захиа даалгавар авсан мэт илт сайн үнэлгээ авсан хүмүүсийн нэрсийг дарж өөрсдийнхөө өнгө үзэмжээр шийдэж шүүгчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь ихээхэн хачирхалтай байгаа юм. Тиймээс л энэхүү сонгон шалгаруултад оролцож илтэд сайн үнэлгээ авч жагссан мэргэжлийн гэгдэх хуульчид энэхүү асуудлыг зохих газруудад нь шалгуулахаар болоод байгаа юм.
Уг нэр дэвшигчдийг журамд заасны дагуу нэлээд сайн шүүсийг нь шахан байж сонгон шалгаруулж авсан гээд байгаа. Гэтэл бодит байдал дээр шалгалт авсан нэртэй л болохоос биш энэхүү шүүлт огтхон ч шударга явагдаагүй нь харамсалтай. Уг нь улс орон маань урагшлах уу, ухрах уу гэдэг эгзэгтэй асуудлаа ярилцаж байгаа. Гэтэл энэхүү их ажлын хажуугаар ШЕЗ- ийнхөн хор найруулаад сууж байгаа нь зүйд нийцэхгүй үйлдэл мөн. Хэрвээ ШЕЗ- ийн энэ мэт хууль бус үйлдэл цаашид газар авбал олон нийтийн шүүхэд итгэх итгэл алдагдаж, дараа дараагийн шүүгчийн сонгон шалгаруулалт шударгаар явагдах боломж үгүй болно.
Ямартай ч шүүгч болох хүсэлтэй хуульчид бухимдаж бужигнаад эхэлчихлээ Н.Лүндэндорж дарга аа.
Р.Саруул