С.Жавхлангийн тэмцэл ямар үр дүнд хүрэх вэ?

МУГЖ С.Жавхлан урлаг уран сайхнаа орхиж улс төрч болохоор эртнээс зориг шулуудсан.Тэрбээр  өнгөрсөн 2012 оны сонгуульд ч  нэр дэвшээд амжсан юм. Гэвч гавьяат маань өвдөг шороодсон. Харин тэрбээр үүнээс хойш мохож цуцалгүй тэмцсээр өнөөдрийг хүрлээ. Түүний   улс төрийн үйл ажиллагаа сүүлийн хэдэн сар эрс сэргэж МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийг бүгдийг нь халз мэтгэлцээнд дуудан манаргаж яваа. Харамсалтай нь  түүний дуудлагыг хүлээн авч мэтгэлцэх хүсэлтэй түшээд тийм ч олон байсангүй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ зэрэг цөөн хэдэн гишүүд С.Жавхлангийн дуудлагыг хүлээн аван  ирсэн ч МҮОНТ тэдэнд боломж олгоогүй.Тэгвэл С.Жавхлан бууж өгөлгүй явсаар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн Төрийн өндөрлөгүүд болоод  түшээдтэй халз мэтгэлцэхээр хэдэн ахмадуудын хамт Төрийн ордонд очжээ. Гэвч тэднийг Төрийн ордон руу нэвтрүүлсэнгүй. Үүнд уурссан С. Жавхлан бүтэн өдөржин хэдэн хөгшдийн хамт Төрийн ордны үүдэнд жагсаал хийн зогслоо.

С.Жавхлангийн энэхүү тэмцлийг иргэд өөр өөрсдийнхөөрөө дүгнэж байгаа. Зарим нэгэн нь С.Жавхлан болимоор юм дуугаа дуулаад л явж байхгүй дээ гэж байгаа бол өөр нэг хэсэг нь эх орон газар нутгийнхаа төлөө зөв үг хэлэн тэмцэж байна хэмээж байгаа юм.Түүний   хэлж ярьж буй бүх зүйлийг буруу гэх  иргэд тийм ч олон байхгүй л болов уу. Харин түүний тэмцлийн хэлбэр буруу байгааг  цөөнгүй иргэд хэлж байна.

Тэрбээр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо залуусыг тэмцэлд уриалан дуудаж босоцгоо хэмээж байсан нь олон хүний сэтгэлийг түгшээсэн. Учир нь 2008.07.01-ний тэр хар өдөр ч гэсэн залуусыг эх орныхоо ирээдүйн төлөө эсэргүүцлийн тэмцэл өрнүүлэхийг уриалж байсан. Эцэст нь  энэхүү тэмцэл нь эмх замбараагүй байдал болон хувирч  зөвхөн барууны  тулаантай кинонд гардаг шиг үйл явдал болсныг бид мэдэж байгаа. Энэхүү эмх замбараагүй байдлын золиос болж таван эрдэнэт хүн хорвоог орхиж, олон уун залуус торны цаана суусан.

Тэгвэл С.Жавхлан ам л нээвэл  Монгол залуусыг тэмцэлд уриалж байгаа нь урьдын тэрхүү хар өдрийг давтахгүй гэх аргагүй шүү дээ. Тиймээс С.Жавхлангийн энэхүү хэт туйлширсан тэмцэл эцэст нь ямар үр дүнд хүрэх бол гэхээс олон нийт  түгшиж байна. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button