Ш.Гүрбазар: Яруу найргийг битгий улстөржүүлээрэй гэж хүсэж байна

Өчигдөр Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар болон "Төлөвлөгөөний шинэ нийслэл” Төрийн бус байгууллагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг ТББ-ын зүгээс нийгмийн сайн сайхныг эерэг зүйлд уриалахын тулд Ш.Гүрбазар гуайн “Тайтгарахуй’’ шүлгийг сонгож, клипжүүлсэн байна.

 

Энэ талаар Ш.Гүрбазар хэлэхдээ “Би “Тайтгарахуй” шүлгээ 2012 онд бичиж байсан. Энэхүү шүлэг маань 2013 онд миний “Шанзны хавар” шүлгийн түүвэрт орсон юм. Өнөөдөр энэ залуус миний шүлгийг клипжүүлж, олны хүртээл болгож байгаад сайхан санагдлаа. Энэ залууст талархаж байна. Би энэхүү клипээ өнөөдөр анх удаа үзлээ. Хэдэн жилийн өмнө бичсэн шүлэг өнөөдөр сошиал ертөнцөөр гарахаар иргэд янз бүрээр хүлээж авч магадгүй. Өнөөдрийн нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалаад энэ шүлэг эргэн хүрч байна. Өнөөдөр УИХ- ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ үед дуучин С.Жавхлан тэргүүтэй залуус төрийн тэргүүн, түшээдтэй уулзана гэж мэдэгдэл хийж байна. Үнэндээ би үүний галыг жаахан намдаах гэж хэн нэгэн хүний даалгавраар энэ шүлэг бичигдсэн юм шиг сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд хэвлэл, мэдээлэлд хандаж байгаа юм.

 

Үүнд би яруу найргийг битгий  улс төржүүлээрэй гэж хүсэж байна. Одоо улс орны байдал янз бүр байна. Эдийн засаг хямралтай байна. Хүн бүхэн өөрийн үзэл бодлыг дэвшүүлж, болох болохгүйн тухай ярьж байна. Улс оронд хүндрэлтэй, эмзэглэлээр, бас цаашид яах гэж бужигнаж байгаа энэ үед тайван байя, тайтгаръя, бүх юм сайхан болно гэж шүлгээ олон нийтэд хүргэж байгаа юм.

 

Үүний цаана ямар нэгэн намын захиалга байхгүй шүү гэдгийг хэлмээр байна. Бидэнд эмзэглэж, адгаж байгаа зүйл их байна. Сэтгэл дарсан бодлууд их байна. Аливаа юманд тэмцлийн олон хэлбэр байдаг. Бид үүн дээр бүгдээрээ бодъё. Саяхан эдийн засгийн форумын чуулган дээр нийтлэлч Баабар “сайн муугаа нэг ярилцъя. Дэвшүүлэх хүн байвал ард түмэндээ зарлачихъя. Бид өнгөрсөн 25 жилд юу хийж чадав “ ярилцъя’’ гэж хэлснийг энд онцолмоор санагдлаа. Монголын заяа уужим учир би өөдтэй байна гэж итгэдэг юм. Би уран бүтээлдээ ч үүнийгээ тусгадаг. Миний Монголын ард түмэн ухаантайдаа. Ирэх онуудыг их сайхан өөдрөгөөр харья л даа гэж би хүсэж байгаа юм.

 

Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмэндээ хандаж үг хэллээ. Гэтэл өнөөдөр энэхүү шүлгийг олон түмэнд хүргэж байна гэж битгий бодоорой. Үнэндээ шүлгийг одоогоос гурван жилийн өмнө бичсэн болохоор залуус дүрсжүүлэн олон нийтэд хүргэж байна. Бас миний уран бүтээлийг дэмжин ажиллаж буй энэ залууст талархаж байна. Үүнийг миний уран бүтээл гэдгээс нь хүлээж аваарай” гэлээ.

 

Өглөөний сонин

Б.Тунгалаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button