Шинэчлэлийг хүссэн залуусаа АН-ынхан баярынхаа өдөр хөөж гаргажээ

Монгол Улсад олон намын тогтолцоо бүрдэх үндэс суурийг тавьсан Монголын Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Гэтэл тус намынхан дотроо эв түнжин муугаас ойгоо тийм ч таатай угтсангүй.

Учир нь Соёлын Төв өргөөнд болж байгаа хурлын үеэр тус намын зарим гишүүн удирдлагууддаа “Үүрэг гүйцэтгэх дарга нараа хэзээ жинхлэх вэ, Ардчилсан Намд шинэ эргэлт хийх цаг нь болжээ, Үеэ өнгөрөөсөн Ардчилагчид шинэ үедээ зайгаа тавьж өг” зэрэг лоозон бүхий бичгүүдийг барин эсэргүүцлээ илэрхийлж байна.

Тодруулбал, намын боловсон хүчнийг шинэ залуусаар сэлгэх, ротацийг шударга явуулж байх, төрийн албанд чадварлаг боловсон хүчнийг томилох  зэрэг олон асуудлыг тавьж буй АН-ын гишүүн П.Галиндэв, Мөнхжаргал, Д.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр болсон АН-ын 25 жилийн ойн баярын хурлын үеэр намын дарга болон ерөнхий нарийн бичгийн даргадаа шинэчлэлийг шаардсан шаардлагаа хүргүүлсэн боловч хөөгдөж гарчээ.

Шинэ үеийн төлөөлөл болсон эдгээр залуус шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсныг удаа дараа намынхаа удирдлагуудад сануулж байсан боловч бүлэг, фракцын эрх ашгаа хамгаалсан намын удирдлагууд шинэчлэл хийхийг огт хүсэхгүй байгаа гэх. Иймд нэр бүхий эдгээр залуус намынхаа шударга бус шийдвэрүүдийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлснийхээ төлөө ийнхүү хөөгдөж гарахдаа хүрсэн аж.

Саяхан Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй байгаа талаар эдгээр залуус хэвлэлийн хурал хийж, намын дотоодод болж буй бусармаг асуудлыг ил тод болгож байсан билээ.

Г.Уянга 

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button