Оюун ухааны бага олимпт оролцох сурагчдын бэлтгэл сайн байна
Баянхонгор аймгийн хүүхэд багачууд техник сэтгэлгээгээ хөгжүүлж нисэх загварын болон усан загвар сонирхогчдын клуб байгуулсан байна. Энд суралцаж байгаа хүүхдүүд улс бүсийн чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож, цаашлаад олон улсын чанартай уралдаанд өрсөлдөхөөр бэлтгэж байна.
БСШУЯ-аас хэрэгжүүлж байгаа “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймагт байгуулагдсан техник спортын хоёр клубын нэг нь “Мөрөөдлийн жигүүр” нисэх загварын клуб. Тус клубын 30 гаруй гишүүдийн нэг Номгон ахлах сургуулийн сурагч Ц.Пүрэвдаш нисэх онгоцны загварын улсын уралдаанд хэд хэд түрүүлж, энэ төрлөөрөө азийн аварга болсон байна. Харин одоо энэ жил манай улсад зохиогдох оюун ухааны бага олимп буюу нисэх загварын дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.
Баянхонгор аймагт байдаг техник спортын өөр нэг клубын гишүүн бол Эрдэм ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Х.Нэргүйбаатар. Тэрбээр хэд хэдэн авто загвар, хоёр ширхэг усан онгоцны загварыг эвдэрсэн машины сэлбэг, элдэв төмрийн хог хаягдлыг ашиглан зохион бүтээжээ. Түүнээс яагаад усан загвар бүтээх болсон талаар асуухад “Би анх хичээл тасалж явж байгаад хөдөлмөрийн анги руу орсон чинь манай багш усан загвар хийгээд байж байсан. Тэрийг хараад л би ер нь ийм хийх ёстой юм байна гэж бодоод л хийж эхэлсэн” гэж хариулсан юм.
Техникийн спортын клубын идэвхтэй гишүүн дээрх хоёр сурагчийг ШУТИС-ийн тэргүүн дэд захирал Д.Батчулуун ахлах сургуулиа төгсөөд тус сургуульд элсэн суралцахыг урилаа.