Казино байгуулж болно, гэхдээ хэн нэгний захиалгаар лав биш шүү улстөрчид өө

УИХ-ын хаврын ээлжит чуулган уржигдар эхэлсэн. Энэхүү чуулган эхэлсэнтэй холбогдуулан бүлгүүд дор бүрнээ хуралдаж ямар, ямар асуудал хэлэлцэхээ ч шийдсэн байна. Тэгвэл “Шударга ёс” эвслийн бүлгээс “Казиногийн тухай болон холбогдох хуулийн төсөл’’-ийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг сонгосон байна. Тэгэхээр удтал яригдаж байсан Казиногийн тухай хууль бараг л энэ хаврын чуулганаар шийдэгдчих вий гэсэн айдас зарим нэг улстөрчид төдийгүй олон нийтийг зовоож байна.

 

Казино байгуулснаар эдийн засаг сэргэх үү

 

Эрх баригчид Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр хязгаарлагдмал хүрээнд казиног хүлээн зөвшөөрөхөөр болж байх шиг байна. Учир нь Шинэчлэлийн Засгийн газрын УИХ-д өргөн барьсан 100 хоногт багтаан эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн 17-д “Гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, тус салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад улсын чөлөөт бүс, амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх” хэмээн тусгасан нь олон хүний анхаарлыг татаж буй юм.

 

Өөрөөр хэлбэл, “Амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх”гэх энэхүү нэрийн цаана мөнгөний уурхай болох казино бий болно гэж ойлгож болно. Түүнчлэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах нэрээр казиногийн тоног төхөөрөмжид татвар ногдуулж байжээ. Уг хуулийн 4.2 дахь хэсэгт “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулна” хэмээн тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, казиног хуулиар хориглосон бол техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид татвар ногдуулах ёсгүй гэсэн байгаа юм.

 

Гэтэл Чөлөөт бүсийн тухай хуулийн 3.6 дахь хэсэгт “Аялал жуулчлал-үйлчилгээний чөлөөт бүсэд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн зохистой дэд бүтэц бүхий үйлчилгээний цогцолбор бүрдүүлж, бүх төрлийн үйлчилгээ эрхэлнэ” хэмээн заасан. Энә нь байгуулаагүй л болохоос тийм эрх нь 2002 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулиар нээлттэй байна гэсэн үг. Шулуухан хэлэхэд хэлэлцэж баталсан хуулиуд нь хоорондоо уялдаагүй, байгаагийн нэг тод жишээ.

 

Товчхондоо нэг хуулиндаа Казиног хориглосон байхад нөгөө хуульд нь зөвшөөрсөн байх жишээтэй. Хэдийгээр элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээх амь тариа нь казино гэж хэлж байгаа ч энэ нь бодит үнэнтэй огт нийцэхгүй байгаа юм. Хамгийн гол нь манайх шиг цөөхөн хүн амтай улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээний хор уршигтай гэдгийг төрийн түшээд бүгд мэдэж байгаа.

 

Яг үнэндээ манайх шиг хүн амтай улсад казино гээч зүйл огт хэрэггүй гэдгийг одоогийн УИХ-д сууж буй зарим нэг гишүүд ч хэлж байгаа. Тиймээс өнгөрсөн хугацаанд Казиногийн тухай хуулийг хүчингүй болгож байсан юм. За яахав Казиногийн тухай хуулийг баталж болно. Гэхдээ энэ хуулийн цаана хэн гэгч эрх мэдэлтэн захиалга өгсөн шигээ сууж байна вэ гэдэг нь анхаарал татах хамгийн гол асуудал. Энэ хуулийг өргөн барьж буй улстөрчид захиалагчаа мэдэж байгаа ч тийм амар хэлэхгүй нь ойлгомжтой.

 

Казиногийн хуулийг захиалагч нь хэн юм бол…

 

Нэр бүхий улстөрчид хэлэхдээ “Сэтгүүлч нар та нар энэ Казиногийн тухай хуулийг хэн захиалж байна вэ гэдгийг эрэн сурвалжлаад яв л даа. Мэдээж үүний цаана маш том эрх ашиг нуугдаж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэхүү Казиногийн хууль хоёр байгууллагад зориулагдсан хууль гарах гээд байна. Уг нь хоёр байгууллагад зориулагдсан хууль гэж байдаггүй юм. Магадгүй компанийн тухай хууль гээд нийтэд үйлчлэх хууль байсан бол өөр хэрэг. Нийтэд үйлчлэх хууль бол магадгүй хүн болгон компани байгуулдаг учраас энэ хуульд нийцнэ.

 

Харин энэ хууль гарснаар зөвхөн хоёрхон байгууллагатай болно гэж байна шүү дээ. Нэг нь зүүн бүс, нөгөөх нь хойд бүс. Би үүн дээр маш их гайхаад байгаа юм. Тухайлбал, дэлхийн бүх Казино байгуулсан улсыг харахад өөрсдөө хөгжиж байгаад хөгжлийнхөө хажуугаар дагуул маягаар Казиногийн хууль гаргадаг юм билээ. Манайх шиг Казиногийн хууль гаргачхаад мөнгө татна гэсэн ойлголт байдаггүй юм. Өөрөөр хэлбэл, бохир мөнгө, хар тамхи, биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоомоор хэзээ ч улс орон хөгждөггүй юм. Тэгэхээр өнөөдөр энэ Казиногийн хуулийг явуулаад байгаа шалтгаан нь энэ хоёр намд захиалагч нь байгаа үүнийг л хэвлэлийнхэн олж илрүүлэх хэрэгтэй. Тухайлбал, 1998 онд энэ хуулийг захиалж байсан хүмүүс нь ял зэм сонссон түүх бий. Одоо тэгвэл ямар захиалагч байна вэ. Миний ойлгож буйгаар хоёр захиалагч байна гэж ойлгоод байна. Үүнийг надад захиалсан ч би дэмжихгүй" гэв. Ямартай ч зарим нэг улстөрчид өөрсдийнхөө байр сууриа ийнхүү илэрхийлж байсан.

 

Тухайн үед УИХ-аар хэлэлцэх ёстой асуудлын жагсаалтад уг хуулийн төсөл огт байгаагүй хэр нь гэнэт л орж ирсэн шигээ 85 хувийн  дэмжлэг авч батлагдаж байсан гэдэг. Харин энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж байсан УИХ-ын зарим гишүүд 1999 онд Казиногийн тухай хуулийг хүчингүй болгох тухай тогтоолын төсөл санаачилж энэ нь дэмжигдэж хүчингүй болж байсан юм. Тэдний хүчингүй болгох тогтоолын төсөлд ийм хэдхэн үг орсон нь олон хүний сэтгэлийг эргүүлж чадаж байсан байна. Тэд "Казино нь гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис гэх мэтээр сөрөг олон зүйл дагуулдаг учраас хүн ам цөөтэй, Монголын хувьд үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө” хэмээн    тайлбарласан байдаг юм.

 

Ингээд бүх зүйл орвонгоороо эргэж хуулийн төсөл санаачилсан эрхэм гишүүн асан хоёр андын хамтаар, казино байгуулах тендерт шалгарсан компанийн захирал нар шүүхээс ял сонссон юм. Тэднийг "Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 36 дугаар тогтоолоор байгуулсан  Казиногийн асуудал эрхлэх зөвлөл, тендер зарлан явуулахдаа Казиногийн тухай Монгол Улсын хууль, Казиногийн тендерийг явуулах, дүгнэх шалгаруулах журам, түүнчлэн тендерийн нөхцөл болгон заасан зарим заалтыг зөрчсөн хэмээн ял ногдуулж байсан юм.

 

Тиймээс дээрх хүмүүсийн хувь заяаг одоо энэ хуулийг батлах гэж улайраад байгаа нөхөд ч эдний араас замнахыг үгүйсгэхгүй юм. Уг нь монголд Казино байгуулахад болохгүй зүйл гэж байхгүй л дээ.

Хамгийн гол ямар нөхцөлтэйгөөр, хэнд энэхүү эрхийг өгөх вэ гэдэг нь хамгийн чухал. Манай улсад улс төрийн нөлөө бүхий эрхмүүд л бүх л зүйлийг монополдчихсон байгаа. Хэрвээ Казиногийн хууль яг иймэрхүү монополь байдлаар явбал ашиг нь монголчуудад бус харин ч захиалагч этгээдэд ашгаа өгч эхэлнэ гэсэн үг. Өөрөө хэлбэл, Казино байгуулж болно. Гэхдээ хэн нэгний захиалгаар биш. Ямартай ч намрын чуулганаас өмнө амжиж батлах гэж Казиногийн тухай хуулийг эрх баригчид сайтар шинжлэн судалсны үндсэн дээр ядруухан байгаа улсын төсөвт ямар ашиг өгөх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй байх.

 

Уг нь улс оронд маань Таван толгойн хөрөнгө оруулалтын асуудал хурцаар яригдаж байхад дахин Казиногийн асуудал хөндөгдөж эхэлснийг төрийн өндөрлөгүүд анхаараадаа авах нь зүйн хэрэг байх.

 

Өглөөний сонин

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button