Ардчилсан нам 25 жилийн ойгоо дуулиан,шуугиантай тэмдэглэлээ
Тэртээ 1990 оны цагаан морин жил төв талбай дээр Ардчилсан хувьсгалчид тухайн үеийн улс төрийн товчоог огцруулан төрийн эрхэнд гарч байсан. Энэ үеэс л бид хаана ч хэний ч өмнө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг эдлэх болсон юм. Тэгвэл энэхүү эрх чөлөөг бидэнд авчирсан ардчилагчид өчигдөр 25 жилийн ойгоо тэмдэглэлээ.
Ардчилагчдын хурал ч нэлээд ардчилсан шинжтэй болж АН-ын залуучууд намын удирдлагуудаа эсэргүүцэн бяцхан хэмжээний тэмцэл хийлээ. Тэд “Ардчилсан намд шинэ эргэлт хийх цаг иржээ”,”Хаалга цонхоо нээ, шинэ салхи оруул, бүгчим байна” гэх мэт уриа лоозон барин хурлын танхимын арын эгнээнд жагссан байлаа. Харамсалтай нь тэднийг АН-ын дарга З.Энхболдын тушаалаар хөөн гаргасан юм. Энэ бол АН-ын 25 жилийн ойн баярын хурлын үеэр олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан үйл явдал боллоо.
Мөн үүнээс гадна АН-ын дарга З.Энхболд намаа фракцгүй болсон хэмээн мэдэгдсэн нь хүн болгоныг гайхшруулж орхисон юм. Зарим нэгэн нь Ардчилсан нам фракцгүй болно гэхэд итгэж чадахгүй байлаа. Учир нь тэд 2012 оны сонгуулийн үр дүнд арай хийн олонх болж Засгийн газраа байгуулсан ч хоёр жил гаруй хугацаанд ажиллуулаад өөрсдөө огцруулсан. Энэ бол АН-ын доторх фракциудын зөрчилдөөн байсныг хүн бүр мэдэж байгаа.
Өөрсдөө Засгийн газраа огцруулаад гуравхан сар болж байхад АН фракцгүй болсон гэхэд хэн итгэх вэ дээ. Тэгээд ч өчигдөр болсон баярын хурлын уур амьсгалч мөн л хэд хэд хуваагдсан, намын удирдлагуудаа эсэргүүцсэн өнгө аястай байсан. Тиймээс АН-ын даргын энэхүү сүртэй мэдэгдэл хэр бодит байсан бэ гэдгийг харж л сууя.