Жагсаал хийсэн Өвөрмонголчуудыг хүч хэрэглэн тараажээ
Энэ сарын 4-нөөс эхлэн ӨМӨЗО-ы өмнөд нутгийн Найман хошууны Даачин тал суурингийн оршин суугчдын төлөөлөл болсон 1500 гаруй хүн тус нутагт химийн хортой хог хаягдал цэвэрлэх байгууламж, үйлдвэр барихыг эсэргүүцэн жагссан юм.
Тэгвэл жагсаалын гурав дахь өдөр буюу өчигдөр тэднийг хүч хэрэглэн тараажээ. 2000 гаруй цагдаа нар жагсагчдыг тараахын тулд галт зэвсэг ашиглаж байсныг хүний эрхийн байгууллагынхан онцолжээ. Харин жагсагчид цагдаа нар резинен сумтай буу, даралттай ус хэрэглэж байсан гэдгийг хэлжээ.
Жагсаалын үеэр 100 гаруй хүн бэртэж гэмтсэн бөгөөд тэдний нэг нь эмнэлэгт очоод нас барсан байна. Цагдаа нар энэ үеэр жагсаал зохион байгуулсан, олныг өдөөн турхирсан гэх үндэслэлээр 54 хүнийг баривчилжээ.
Дашрамд дурдахад жагсаалыг нийтэлж, нэвтрүүлсэн хэвлэл мэдээлиийн хэрэгсэлд хариуцлага тооцно хэмээн Хятадын эрх баригчид хатуу анхааруулсан тул жагсагчдыг тарааж байхад нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй байсныг хүний эрхийн байгууллагынхан хэлсэн байна.