МАН & Г.Алтан нарын хэнийх нь үйлдэл худал вэ

Лениний музей бол төрийн өмч. Чингэлтэй дүүргийн  шүүхийн 869 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 645 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 689 дүгээр тогтоол гарч Лениний музейн өмчлөгч нь МАН биш Монголын төр болохыг тогтоосон. Шүүх хуралд Засгийн газар буюу ССАЖЯ нэхэмжлэгчээр, МАН хариуцагчаар оролцсон бөгөөд олон жил энэ намын мэдэлд байсан эл барилга ийнхүү төрийн мэдэлд эргэн ирсэн юм. Хэдийгээр уг барилга төрийн мэдэлд эргэн ирсэн ч Үлэг гүрвэлийн музей байгуулна гэж байсан өмнөх амлалт хэвээрээ эсэх нь үнэн бүрхэг болоод буй.

Барьцаанд буй гэх В.И.Ленины музей…

Гэтэл Шүүхийн шийдвэр төрийн талд гарч, МАН Лениний музейг алдахтай зэрэгцээд нэгэн асуудал үүссэн. Энэ бол МАН-ынхан Лениний музейг иргэн Г.Алтанд нэг сая ам.долларын барьцаанд  тавьчихсан гэх мэдээлэл. Бүр энэ нь баримт нотолгоотойгоор дэлгэгдсэн. Одоо ч энэхүү нотолгоо цахим ертөнцөөр нэг тархсан хэвээр буй.

2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөр огноолсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нар гарын үсэг зурж баталсан Зээлийн болон Барьцааны гэрээ бий.

Зээлийн гэрээний эхэнд “…Нэг талаас Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу, Улаанбаатар-11, Тусгаар тогтнолын ордон хаягт орших 8082001001 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 8488908 тоот регистрийн дугаартай Монгол Ардын нам, нөгөө талаас Боргочууд овогт Готовын Алтан нар Зээлийн гэрээ байгууллаа. Ардын нам дотоод үйл ажиллагаандаа зарцуулахаар Г.Алтангаас найман сарын хугацаатай нэг сая ам.доллар зээлсэн уг гэрээг Ардын намыг төлөөлж тус намын Сан хөмрөгийн хэлтсийн дарга Балжир засаг овогт Жамбаагийн Тамир,иргэн Г.Алтанг төлөөлж хуулийн зөвлөх нь болох Лхамжавын Сарангэрэл нар байгуулжээ.

Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь байхаар тусгажээ. Энэ нь Ардын нам Г.Алтанд сар бүр 29 мянган ам.долларын хүү төлдөг гэсэн үг. Ингэхдээ МАН Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, зургадугаар хороолол дахь Ү-2202002678, 000133314 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаар бүхий 7550 мкв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай байрыг 0231960, 154/0135 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 4712 мкв газрын хамт Г.Алтангийн барьцаанд тавьсан гэдэг.

Гэтэл уг барилгыг төр мэдэлдээ авах шүүхийн шийдвэр гарчихсан тул Г.Алтан  тэрхүү барьцаагаа өөрчилж, улмаар Г.Алтан итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэлээрээ дам­жуу­лан шаардлага гаргасан байна. Шаард­лагадаа “Г.Алтан миний бие МАН-д зээл өгч, МАН-ын өмчлөлийн байр /үлэг гүрвэлийн музей/-ыг барьцаалсан болно. Гэтэл төрийн өмч болсон тул барьцаа өөрчлөх нэхэмжлэл гаргаж байна. Хэрэв барьцааг өөрчлөх бол МАН-ын байр Тусгаар тогтнолын ордныг барь­цаатай эсэхийг шалгасны эцэст МАН-ын байраар сольж өөрчлөн барьцааг хангах шийдвэр гаргаж өгнө үү. Өөрөөр хэлбэл, өмчлөх барьцааг чө­лөө­лөх тохиолдолд зээл­дэгчийн эрх ашгийг хам­гаа­лан МАН-ын байр­лаж буй байр Тусгаар тогт­нолын ордны байраар барьцааг солих шийдвэр гар­гана уу. Шаардлага гар­гасан Г.Алтангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл” гэсэн шаардлага нь хүртэл дэлгэгдсэн.

Үүнээс үзэхэд МАН Лениний музей, Г.Алтанд барьцаанд тавьсан нь, гэтэл шүүхээс тэрхүү барьцаанд байгаа барилгыг Улсынх гэдгийг тогтоочихсон учир мөнгөө ч барьцаагаа ч авч чадахаа байсан Г.Алтан авхай МАН-ын тодорхой ганц өмч Тусгаар тогтнолын ордныг нь барьцаанд авах асуудлыг хөндсөн гэсэн дүр зураг харагдаж байна.

Бүгдийг үгүйсгэсэн нь

Гэтэл хэвлэл мэдээллээр нэг сенсаци болсон энэ асуудалд хоёр тал хоёулаа байр сууриа илэрхийлээгүй. Тэгвэл энэ асуудлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үгүйсгэж байна.

Тэрээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн Г.Алтан Тусгаар тогтнолын ордныг авах гэж шүүхэд хандсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Өнөөдрийн байдлаар ямар ч хүн МАН-ыг шүүхэд өгөөгүй. Төрийн өмчийн хорооноос нэхэмжлэл  гарч, МАН Лениний музейг  улсад буцааж өгсөн. Уг нь үлэг гүрвэлийн музей байгуулна гэж байснаа саяхнаас өөр зориулалтаар ашиглахаар болсон гэсэн сураг байна. Түрүүн би иргэн Г.Алтан гэдэг хүн МАН-ыг шүүхэд өгсөн, музейг барьцаанд тавьсан асуудал байхгүй. МАН нэг байраа буцааж өгсөн” хэмээн дээрх бүх асуудлыг үгүйсгэлээ.

Тэгэхээр энэ асуудлын талаар  хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж байна вэ. Ийм том асуудал сөхөгдөж, баримт нотолгоотойгоо хэвлэлээр нэг цацагдчихаад байхад  МАН-ын хариуцлагатай албан тушаалтан худлаа ярина гэж баймгүй. Юутай ч энэ асуудлын үнэн мөн удахгүй илчлэгдэх биз ээ.

Г.Аянга 
Olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button