ХЗХ-ны хохирогчид өнөөдрөөс хугацаагүй суулт зарлана
ХЗХ-ны хохирогчид өнөөдрөөс Хуульзүйн яамны үүдэнд хугацаагүй суулт зарлахаар боллоо. Тэд энэ талаараа өчигдөр мэдэгдсэн.
Өнгөрсөн 10 жилийн турш эд хөрөнгөө олж авахын тулд тэмцэж байгаа тэдний асуудал өнөөдөр ч бүрхэг хэвээр байгааг тэд хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа. Уг нь өнгөрсөн онд ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах хууль хүртэл баталж байсан ч энэ хууль нь өнөөдөр хэрэгжихгүй бүтэн нэг жилийн нүүрийг үзжээ. Угаас энэ хуулиар алдсан эд хөрөнгөө эргүүлэн авах боломжгүй гэж тэд үзэж байна.
Улс анхнаасаа хохирогчдын хохирлыг барагдуулахыг хүсээгүй тул хураагдсан эд хөрөнгийг битүүмжилж аваад өнөөдрийг хүртэл үнэгүйдүүлэх, шамшигдуулах ажлыг хийсэн гэлээ. Нийт 26 хоршооны 8000 гаруй хохирогчид байгаа бөгөөд тэдний өмч хөрөнгө болох нийт 44 тэрбумын хөрөнгө өнөөдөр ч үнэгүйдсэн хэвээр байгаа аж.
Түүнчлэн хурааж авсан эд хөрөнгө дундаасаа алга болж байгааг ч тэд хэлж байна. Тодруулбал цагдаагийн байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу шилжүүлээгүй 1,6 тэрбум төгрөг ор мөргүй алга болсон аж.
Энэ мэтээр ХЗХ-ны хохирогчдын өмч хөрөнгө алга болж байгаад тэд хуулийн байгууллагынхан болоод эрх баригчдыг буруутгаж байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг шаардаж байгаа юм.