Д.Тэрбишдагвын идэвх

Шадар сайд асан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва намрын чуулганы завсарлагаанаар сайн амарч, хаврын чуулганд тун сайн бэлтгэсэн нь байнгын хороонд гаргаж байгаа идэвх зүтгэлээс нь тодорхой харагдаж эхэллээ.

 

Түүний хувьд Цагаан сараар пижигнүүлсэн Н.Энхбаяр даргын хажууд огтхон ч үзэгдээгүй. Ямар сайндаа л “Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёрыг МАХН-ынхан эрэн сурвалжилж байна” гэсэн онигоо маягийн яриа гарах вэ дээ. Тэгтэл сураггүй байсан Д.Тэрбишдагва хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг судлаад чухам завгүй явсан бололтой. Өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Д.Тэрбишдагва гишүүн гайхалтай идэвхтэй оролцож, “Байнгын хороо усны асуудлыг эргэн харах хэрэгтэй. Өнөөдөр усны бодлого алга. Өмнө нь Усны яамтай хүртэл байсан. Гадаргын усыг хадгалж хамгаалах асуудал өнөөдөр чухлаар тавигдаж байна. Иймд усны асуудлыг төр, засаг анхаарч цэгцлэх цаг болсон. Түүнчлэн аюултай хог хаягдал, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын чиглэлээр гаргасан бодлогын бичиг баримт болон хуулиа эргэн харж үзэх шаардлагатай” гэж хатуухан шүүмжлэл тавьж байсан. Эрхэм гишүүн энэ идэвхээ алдчихгүй бол тун дажгүй эхлэл боллоо шүү.

 

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button