Үнсэгч
УИХ-ын гишүүн Г.Батхүүг ангийн нөхөд нь тэр дундаа хэн нэгнийг зүгээр суулгадаггүй шооч хэд нь “Эрхэм үнсэгч” хэмээн сэмхэн явуулж байгаа гэнэ. Учир нь уржигдар болсон хаврын чуулганы нээлтийн үеэр тохой залган суудаг эмэгтэй гишүүдээ толгой дараалан барьж авч үнссэн юм байх.
Ямартай ч нэгэн дээлтэй бүсгүйг их л шунамгай үнсэж байгаа зураг нь цахим ертөнцөөр тарсан байсан. Бодвол эгзэгтэй тэр үеийг санаж байгаа, бас цахим ертөнцөөр тэнүүчлээд яваа тэр ноцтой зургийг үзсэн шогч нөхөд нь тийнхүү даажигнаж байгаагаас зайлахгүй.
Гэхдээ эрхэм гишүүн Г.Батхүү ч өөрөө тиймэрхүү шоглоомын савыг хоосон буцаахгүй, хэр таарсан хариу бариад байж дөнгөх хошин шогийн мэдрэмжтэй нэгэн билээ. Түүний нотолгоо нь ордны коридорт яриа авахаар хоргоосон сэтгүүлч бүсгүйд “Гудамжинд яриа өгдөггүй” хэмээсэн шогтой тайлбар хэлчихээд бушуухан холдоод явчихсан удаатай. Энэ удаа ч эрхэм гишүүн ямар нэгэн хариу тайлбар бэлдчихсэн яваагаас зайлахгүй. Харин ямар хариу юм бол.