Цэвэр усны шошгон дээр зургаа хэвлүүлсэн даргад АТГ-аас сануулга өгчээ
АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийж, хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2015 оны эхний улиралд хийсэн ажлаа тайлагналаа.
Мэдээллийг тус газрын АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Т.Мөнхтунгалаг өглөө.
Тус байгууллагаас эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, зохимжгүй үйлдэл гаргасан, Улсын хөрөнгөөс дур мэдэн захиран зарцуулсан албан тушаалтнуудад дараах арга хэмжээг авчээ.
АТГ-аас хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулах ажлын хүрээнд өөртөө удаа дараа урамшуулал олгож, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ш.Хажидмаад сануулах, Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбатад сахилгын шийтгэлийг тус тус авахуулжээ.
-"Эрүүл Ус" төслийн хүрээнд үйлдвэрлэсэн цэвэр усны шошго дээр Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өөрийн цээж зургаа хэвлүүлсэн мэдээллийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Говь-Аптай аймгийн ИТХ-д хандсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Говь- Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт сануулга өгсөн байна.
-Баянгол дүүргийн ИТХ-ын “Баянгол дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж иргэд байгууллагын өгсөн хандивын орлогыг хүлээн авах, зарцуулах, тайлагнах журам”-ыг хянаж тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хүчингүй болгуулсан байна.
Тэрээр “Төрийн нийт 121 байгууллага 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2014 оны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Мал эмнэлэг үржлийн газар зэрэг байгууллагын удирдлагуудад цаашид үнэлгээгээ ахиулах, санаачилгатай ажиллах талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан.
Түүнчлэн хангалтгүй үнэлгээ авсан Мал эмнэлэг, үржлийн газар, Налайх дүүрэг, Сангийн яам, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар, Барилгын хөгжлийн төв, Ховд, Говь-Алтай, Увс аймгийн 27 сум, 1 тосгонд тус тус ажлын хэсэг гарган ажиллалаа. Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтад одоогоор 69 байгууллагын 2268 нийтийн албан тушаалтан хамрагдлаа” гэв.
Дашрамд дуулгахад, АТГ-т иргэд, албан тушаалтнаас ирэх авлигатай холбоотой гомдлын тоо эрс нэмэгдэж байгаа ажээ.
Olloo.mn