Тэтгэврийн талаар баримтлах бодлогыг шинэчлэхийг байнгын хороо дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  хоёр асуудал хэлэлцсэний нэг нь "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх байв.

Тогтоолын төслийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба танилцуулав. Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм. Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа ажээ.

Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна. Иймд насжилттай холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлж, цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх замаар ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцлийг бүрдүүлж, тэтгэврийн орлоготой болгох, тэтгэврийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох бодлогыг хэрэгжүүлэх зорилтуудыг тусгасан бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан байна. Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуусны дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button