Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол эрхийг нь багадаа 2 жилээр хасахыг дэмжлээ
Хууль зүйн байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачилсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ. Монгол Улс зах зээлийн нийгмийн харилцаанд шилжсэнээс эхэлсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хуулийг 1996 онд баталсан байдаг аж. Тухайн үеийн нийгэм эдийн засгийн байдал, хүн амын амьжиргааны доод түвшин зэрэг үзүүлэлтүүд өдгөө хэд дахин нэмэгдэж, авто машины тоо өссөн, жолоочийн үнэмлэхтэй хүмүүсийн тоо мөн маш хурдацтай нэмэгдэж байгаа зэргийг харгалзан үзэж, орчин үеийн шаардлагад нийцсэн хуулийг шаардлагатай болж байгаа юм.
Хэлэлцүүлгийн үед торгуулийн систем, хариуцлагын асуудал зэрэг асуудал яригдаж байлаа. Шинэ хуулиар жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хамгийн багадаа хоёр жилээр эрхийг нь хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх мөнгөн торгууль хүлээхээр заажээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл удаа дараа жолоодвол торгууль хэмжээ, эрх хасах хугацаа нэмэгдэх юм байна.
Мөн жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаар ярих, гар утас ямар нэг байдлаар ашиглахыг хориглох юм байна. Шинэ хуулиар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зам, тээврийн хэрэгсэл, хүн-орчин гэсэн гурван төвшинд хангуулах аж.
Замын тэмдэг, тэмдэглэгээ, хүүхдийн суудал, мотоциклын малгай хэрэглэх олон улсын стандартыг нэвтрүүлэхээр тусгажээ. УИХ-ын гишүүд замын тэмдэг, тэмдэглэгээ ямар ч стандартгүй, зам дээр тэмдэг, тэмдэглэгээ байхгүй мөртлөө цагдаа нар дүрэм зөрчсөн гэж торгууль хүлээлгэдэг, замын эвдрэл гэмтлээс үүдэлтэй ослыг хэн хариуцах гэх зэрэг асуудлыг мөн хөнджээ.
Olloo.mn