МСБХ-ны ерөнхийлөгч өө, хурлаа хийх үү, эрхээ хасуулах уу
Монголын сагсанбөмбөгийн холбоодын маргаан хэдий болтол үргэлжлэхийг таашгүй. Өнөөдөр гэхэд л сагсан бөмбөгийн ууган гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийж, сүүлийн 10 жилд тус холбоо албан ёсоор хурал хийгээгүй хэмээн мэдэгдэв.
Манай улсад сагсан бөмбөгийн холбоо анх 1962 онд үүсгэн байгуулагдсан. Харин Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдаад гурван жил болж буй. Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар МСБХ дөрвөн жилд нэг удаа заавал хуралдах заалт байдаг. Харин энэ хуулиа зөрчөөд сүүлийн 10 жилд албан ёсоор хуулийнхаа дагуу хуралдаан зарлаагүй. Одоогийн хүндрэлттэй нөхцөл байдлыг эцэслэн шийдвэрлэх, нэг зорилготой, тэмүүлэлтэй, хөгжүүлэхийн тулд холбооы хурлаа албан ёсоор хийх ёстой гэнэ.
Тэд хэлэхдээ “2014 оны гуравдугаар сарын 23-ны өдөр ээлжит бус хурлыг хийсэн боловч энэ нь хуулийн дагуу болоогүй. Уг хуралд МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилын хүрээн дэх хүмүүс оролцсон. Тиймээс МСБХ-ны албан ёсны ээлжит бус хурлыг дүрмийн дагуу, хуулийн хүрээнд зохион байгуулахыг шигшээ багийн тамирчид, шүүгчид, ивээн тэтгэгчид, дасгалжуулагчид, ахмадын зөвлөл, үндэсний лигийн есөн баг, эмэгтэй супер лигийн дөрвөн багийн тамирчдаас бүрдсэн 545 хүн гарын үсэг зурсан шаардах бичгээ МСБХ-ны Ерөнхийлөгч Ц. Мөнх-Оргилд илгээж байна” гэв.
МСБХ-ны дасгалжуулагч нар холбооныхоо ерөнхийлөгчид хандаж олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулах уу, хурдацтай хөгжлийн шатандаа орж байгаа энэ эрчээ хадгалах уу гэдгийг шийдэх цаг боллоо гэдгийг ийнхүү санууллаа.
Olloo.mn