Универсиад наадмын тухай ЭШБХ-д Н.Санжаадамбын илтгэл I байрт оров
Монгол Улсын оюутны спортын “Универсиад 2015” их наадмын үеэр анх удаагаа МУ-ын гавьяат багш, доктор (Sc.D) профессор Г.Лхагвасүрэнгийн нэрэмжит “Оюутны спорт-Универсиад наадам” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өчигдөр МУБИС-ийн төв байрны эрдмийн зөвлөлийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү хуралд манай улсын их, дээд сургуулиудын анхан шатны хурлаас шалгарсан шилдэг 5 илтгэлийг авч сонсов. Хуралд оролцогчид болон ИДС-ийн удирдагч багш нар оюутнуудаа сайн бэлтгэж, оюутнууд хоорондоо оюун ухаан, илтгэх ур чадвар, гадаад хэлний мэдлэгээрээ хүчтэй өрсөлдсөн юм. Зарим илтгэл англи хэл дээр тавигдлаа. Ингээд илтгэлийн сонголт, ач холбогдол, шинэлэг байдал, дүгнэлт, асуулт хариулт, өөрийгөө илэрхийлэх байдал зэрэг олон үзүүлэлт гарган эрдмийн зэрэг, цолтой шүүгч нар энэхүү хурлыг удирдан явуулав.
Ингээд тэргүүн байр, алтан медалийг 67 оноогоор Үндэсний БТДС-ийн оюутан Д.Намжилын “Монголын оюутны баг, тамирчдын Универсиад наадамд үзүүлсэн амжилт” сэдэвт илтгэл эзлэв. Харин ХААИС-ийн 5 дугаар дамжааны оюутан, дэд мастер Н.Санжаадамбын бэлтгэсэн “Их дээд сургууль дах биеийн тамир, спортын сургалтын зохион байгуулалт, үйл ажиллагаа” сэдэвт илтгэл 54 оноогоор 2-р байр, ШУТИС-ийн оюутан Г.Тэлмэнгийн “Дэлхийн оюутны зуны Универсиад наадам” англи хэл дээр тавьсан илтгэл 44 оноогоор 3-р байрт орж “Универсиад” 2015 их наадмын мөнгө, хүрэл медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Удаах байруудад ХСИС-ийн оюутан С.Хүрэлбаатар, Мон-Алтиус БТДС-ийн оюутан М.Ренчинбуу нар орлоо. Оролцогч оюутан нарт сертификат, Г.Лхагвасүрэн агсны тухай шинэ ном, Азийн ОСХ-ны сэтгүүлийг дурсгалаа.
Г.Уянга
Olloo.mn