Казиногийн байршлыг Засгийн газар тогтооно
Хууль зүйн байнгын хорооны хурлаар Казиногийн тухай, Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор казиногийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлага тулгарч байна хэмээсэн.
Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99, Ази, номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд Монгол Улсад нийт 417.0 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263.0 сая ам.долларт хүрч, аялал жуулчлалын салбарын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 5.29 хувийг бүрдүүлэх болжээ.
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх, жуулчны тоог 1.0 саяд хүргэх зэрэг зорилт тавьж байна. Иймээс энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлж, цаашид хөгжүүлэх шаардлагатай гэж сайд хэлэв.
Хуулийн төсөлд Монгол Улсын иргэн казинод тоглохгүй байхаар тусгасан ажээ.
Танилцуулгын дараа сайд гишүүдийн асуултад хариулсан.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Хуулийн төсөлд казино байгуулах хоёр байршлыг тогтооно гэж заасан байгааг хаана, ямар казино байгуулах нь тодорхой болсон юм байна гэж ойлгож болох уу хэмээн асуусан. Мөн тэрбээр, Сингапурын иргэд казинодоо орж тоглох эрхтэй байдаг. Гэхдээ үүний тулд такс төлдөг. Тус улсын хуулиар тоглох мөнгөний хэмжээг нь хуулиар заагаад өгсөн байдаг гэж хэлж байлаа. Казино эрхлэгч хууль зөрчсөн тохиолдолд төлөх торгуулийн хэмжээ асар өндөр байдаг. Тухайлбал, олсон жилийн орлогын 10 хувиар торгох, эсвэл 100 хүртэл сая ам.долларын торгууль төлөх гэх мэт. Ийм заалт хуулийн төсөлд туссан эсэхийг лавлаж байлаа.
Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын хэлснээр, анх казиног чөлөөт бүсэд байгуулахаар яригдаж байсан ч хуулийн төслийг боловсруулах явцад байршлыг Засгийн газар тогтоохоор тусгасан байна. Мөн тэрбээр одоогоор казино байгуулах асуудлаар хандсан, яригдсан зүйл байхгүй гэдгийг онцолсон. Гишүүд казиног ажиллуулах эрх зүйн орчин нөхцлийг зөв бүрдүүлэх ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд үүнийг дагаад гарах саар үзэгдлүүд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хангаж, аюулгүй байдал, хууль сахиулах стандартыг бий болгон чандлан сахих нь зүйтэйг анхааруулж байв. Ийнхүү хэлэлцсэний эцэст хуулиудын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
olloo.mn