Хороо бүр дэргэдээ Хадгаламж зээлийн хоршоотой болно

НИТХ-ын тогтоолоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр” баталсан. Энэ хүрээнд 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан” байгуулсан юм. 

Санхүүгийн зохицуулах хороо “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг дэмжиж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уг хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинээр байгуулсан хоршоодын чадавхийг бэхжүүлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү нийслэлтэй хамтран ажиллахаар болжээ.

Дээрх хөтөлбөрөөр дамжуулан нийт 15.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд шаардлага хангасан Хадгаламж зээлийн хоршоонд жилийн 1 хувийн хүүтэй хөнгөлттэй зээл олгож, хоршоо нь тухай хорооны өөрийн гишүүдэд сарын 1.2 хувийн буюу жилийн 14.4 хувийн хүүтэйгээр дамжуулан зээл олгох аж. Мөн “Бичил бизнесийг дэмжих сан” нь одоогийн байдлаар 42 хорооны 32 Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан нийт 610 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Ингэснээр 451 ажлын байр нэмэгдэж, 857 ажлын байр хадгалагдаж байгаа ажээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button