Л.Гансүхийн хэргийг прокурорт шилжүүлж, Д.Энхжаргалыг шалгаж байна гэв
Авлигатай тэмцэх газар энэ оны нэгдүгээр улиралд эрүүгийн 101 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 17 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсний дотор “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой Л.Гансүх, Н.Энхбаяр нарт холбогдох хэрэг багтжээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Тэдэнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
АТГ-аас шалгасан хэргүүдийн дийлэнх хувийг төрийн албан тушаалтан албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг эзэлж байна гэж тус газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Т.Мөнхтунгалаг онцолж байсан юм. Түүнчлэн “Н.Энхбаяртай холбоотой хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаад харьяаллын дагуу манайд шилжүүлсэн. Н.Энхбаярыг Б.Хуяг, Н.Энхтуяа нарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа. Н.Энхтуяа, Б.Хуяг, Н.Энхбаяр нарын хэн ч манайд мэдүүлэг өгөөгүй. Эдгээр хүмүүсийг АТГ-т газарт ирж мэдүүлэг өгөхийг хүлээж байна” гэв. Өөрөөр хэлбэл, Б.Хуяг, Н.Энхтуяа нарын хувьд Олон улсын Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа юм. Тодруулбал, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт хэргээс 18 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, найман хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 10 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, зургаан хэргийг нэгтгэснээр 42 эрүүгийн хэргийг үлдэгдэлтэй байгаа аж.
Түүнчлэн мөрдөн шалгасан хэргийн 48.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 30.6 хувьтай байгааг мэдээлэв. Гэмт хэргийн улмаас 26 тэрбум 176.4 сая төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд 393.8 сая төгрөгийн хохирлыг төлүүлж, 3 тэрбум 950 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, 204.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлсэн байна.