АН фракцгүй болсон гэдэг нь зөвхөн З.Энхболдын л үг
25 жилийнхээ ойг нэлээн сүр дуулиантай тэмдэглэсэн Ардчилсан намын бужигнаан нэг хэсэгтээ үргэлжлэх бололтой. Намын дарга нь манай нам фракцгүй боллоо хэмээн хурлын индэр дээрээс мэдэгдэхтэй зэрэгцэн арын эгнээнд нь лоозон барьсан залуус эсэргүүцлээ илэрхийлэв. Тодруулбал баярын хурлын үеэр АН-ын залуучууд намын удирдлагуудаа эсэргүүцэн бяцхан хэмжээний тэмцэл хийсэн нь энэ юм. Тэд “Ардчилсан намд шинэ эргэлт хийх цаг иржээ”,”Хаалга цонхоо нээ, шинэ салхи оруул, бүгчим байна” гэх мэт уриа лоозон барин хурлын танхимын арын эгнээнд жагссан байлаа. Харамсалтай нь тэднийг АН-ын дарга З.Энхболдын тушаалаар хөөн гаргаснаар асуудал дууслаа.
Эдгээр залуус өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийж З.Энхболд бол манай намын жинхэнэ дарга биш хэмээн мэдэгдсэн. Тиймдээ ч баярын хурлын үеэр ийнхүү эсэргүүцэн тэмцсэн нь намын даргад нь таалагдаагүй байж мэдэх юм. Тэгвэл АН-ын залуус юунд ийнхүү бухимдан тэмцэх болсон нь ердөө л ирэх 2016 оны сонгуультай холбоотой.
Олонх болж төрийн эрхийг атгаж суухын амтанд орсон АН-ын удирдлагууд аль хэдийн сонгуулийн бэлтгэл ажлаа явуулаад эхэлсэн. Үүний хамгийн эхний ажил бол тойргоо хуваах. Өөрөөр хэлбэл АН-ын удирдлагууд дээгүүрээ яриад тойргоо хуваагаад авчихсан гэсэн үг. Харин энэ нь ирэх сонгуулиар нутаг орноосоо нэр дэвшинэ хэмээн битүүхэн горьдлого тээж явсан залуучуудад нь таалагдаагүй хэрэг. Тиймээс л залуус нь арга ядахдаа баярынхаа хурлын үеэр лоозон барин тэмцсэн нь энэ аж.
Ер нь сүүлийн жилүүдэд АН өөрсдөө ямар ч ардчилалгүй болж байгааг жирийн гишүүд дэмжигчид нь хэлэх болсон. Энэ нь сонгуулийн сурталчилгаа далд эхэлсэн энэ үед бүр идэвхжих хандлагатай болж байна. З.Энхболд болоод намын удирдлагуудын байдлыг харахад ирэх сонгуульд АН-ын залууст ямар ч боломж байхгүй бололтой.
Тэгвэл баярын хурлын үеэр З.Энхболдын хийсэн АН фракцгүй боллоо гэх сүртэй мэдэгдлийг ч гишүүд дэмжигчид нь өөр өөрийнхөөрөө хүлээн аван тайлбарлаж байна. АН фракцгүй болно гэж байхгүй. Тэд сонгуулийн өмнө зөвшилцөж тойргоо эв найртай хувааж авсан тул ийнхүү мэдэгдсэн хэмээн хардах иргэд ч байгаа юм.
Тэгвэл уржигдар болсон баярын хурлын үеэр хөөгдөж гарсан АН-ын залуу гишүүд ч мөн АН фракцгүй болсон гэдгийг үгүйсгэж байж боломгүй зүйл гэлээ. Ингээд АН-ын залуу гишүүдээс зарим зүйлийг тодрууллаа.
-Өчигдөр намын удирдлагууд чинь АН фракцгүй болсон гэж мэдэгдсэн. Үүнийг та бүхэн юу гэж харж байна вэ, үнэхээр танай нам фракцгүй болсон юм уу?
-Энэ бол зөвхөн З.Энхболдын л үг. Манай нам бол тав, зургаан фракцийн эрх мэдэлд орчихоод байна.
-Та бүхэн цаашид юу хийх вэ?
-Бид цаашдаа намын их хурлаа хуралдуулахыг шаардана, намын дүрэм журмаа баримталдаг байгаасай гэж хүсэж байна.
-АН-ын Их хурлын тов 2014 оны 12 дугаар сарын 06-нд товлогдоод хойшилсон. Яагаад заавал тавдугаар сард хуралдуул гэсэн шаардлага тавьж байгаа вэ?
-2016 онд сонгууль болно. Сонгууль хүртэл цаг хугацаа бага байна шүү дээ. Тавдугаар сард амжихгүй бол зуны найр наадам, их амралтын дараа намрын ажил залгаж, өвөлжилтөө хангах гэсээр байтал 2016 он чинь гарна. 2016 он гарсны дараа бол бид тэгсэн, ингэсэн гэж мянган сайхан зүйл яриад нэмэргүй. Муугаар хэлбэл сонгуулийн шоу л гэж ярина. Тиймээс дөрөвдүгээр сард бэлтгэл ажлаа хийгээд тавдугаар сард хурлаа хийх бүрэн боломжтой.
olloo.mn