Цэцээс оруулсан зургаан асуудлын 4-ийг нь дэмжив
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцсэн эхний асуудал Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэснийг хэлэлцсэн.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар нарын асуултад Байнгын хорооны дарга Д.Ганбат хариулт өгсний дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь,
– Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэг,
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг,
-Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг,
– Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэснийг 51-66 хувийн саналаар дэмжив.
Харин,
– Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг,
-Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэснийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөхийг дэмжсэнгүй. Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан зарим хуулийн холбогдох заалтыг хүчингүйд тооцох тухай хуулийн төслүүдийг баталлаа.
Olloo.mn