Тавантолгойг тал, талаас нь зулгаасан улстөрчид
Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орныхоо хөгжлийг тодорхойлох хоёр замыг сонгож ард түмнээсээ санал асуулга явуулсан. Өөрөөр хэлбэл “Оюутолгой Тавантолгойгоо хөдөлгөж, эдийн засгаа эрчимжүүлэх замаар ханшаа тогтоох” нэгдүгээр замыг 56.1 хувь нь сонгосон билээ. Ард иргэдийн дийлэнх саналыг авсан энэ хариулт өнөөдөр маш олон маргааныг дагуулж олон ч асуудал үүсгэж улстөрчдийг төдийгүй монголын ард түмнийг талцуулж байна. Уг нь Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай уулзаж тодорхой асуудлыг хэлэлцэж тохирсон ч гэлээ бараг л гацаанд орох маягтай болчхоод буй юм.
Өөрөөр хэлбэл, доллар орох урсгалыг нээж, эдийн засгийг эргэлтэд оруулах энэ төсөл нийгэмд хүлээлт үүсгэлээ гэсэн үг. Тавантолгойн асуудлаар М.Энхсайхан сайд маш товч бөгөөд ойлгомжтойгоор монголын ард түмэнд тайлбарласаар өнөөг хүрсэн. Анх түүнийг Монгол Улсын сайдаар томилогдох үед гацаанд байгаа бүтээн байгуулалтын ажлыг хурдан эдийн засгийн эргэлтэд оруулж долларын урсгалыг нэмэгдүүл гэх үүргийг Засгийн газраас өгч байсан шиг санагдаж байна. Гэтэл мань хүнийг олон уулзалт хэлэлцээр хийсний дараа улстөрчид нам фракцаараа нийлж түүнийг жинхэнэ утгаар нь бөөрлөх шиг болж байна хэмээн монголын баялаг бүтээгчид нэгэн хэвлэлийн хурал дээр хэлж байсныг тодхон санаж байна. Уг нь Тавантолгойн асуудлыг ойлгож ядаад байх юмгүй гэдгийг зарим нэг улстөрчид ч хэлж байсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Хэлэлцээрийг удирдаж байгаа М.Энхсайхан Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. Төрийн ажлын дадлага туршлагатай хүн учраас итгэл хүлээлгэхэд буруудахгүй гэж би хувьдаа боддог. Бүх зүйлийг хардаж, сэрдээд өөлж гоочлоод байвал болж бүтэх зүйл ховор байх болов уу. Тэгэхээр Тавантолгойн асуудлыг УИХ- аар хэлэлцэж, цаг алдахгүйгээр шийдээсэй гэж бодож байна” гэсэн юм. Түүнчлэн саяхан болж өнгөрсөн “Монголын эдийн засгийн чуулга”-ны үеэр эдийн засагчдын хэлж буйгаар манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлыг эхлүүлэх ёстой Ингэхдээ “Итгэлцэл”-ийг бий болгох нь юунаас ч илүү чухал байгаа юм. Иймд Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордыг ажиллуулснаар хөрөнгө оруулагчдыг дахин татах нэг үндэс болно гэж чуулганы индэр дээрээс хэлж байсан. Харин энэ талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэлцээрийг хамгаалж, улстөржихгүйгээр Монголын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нь харахыг шийдвэр гаргагчдад сануулаад байгаа.
1072 хувьцааг УИХ хурал өөрөө шийдэх, дотоодын асуудал
Ингээд М.Энхсайхан сайдын ярьсан зүйлээс товчхон дурьдахад тэрбээр “Уг нь Тавантолгойн асуудлаар байр суурь нь хоёр тийшээ хуваагдсан нөхцөл байдал бий болчхоод байна.
УИХ-ын даргын хэлсэн үгэн дотор ойлголтын болоод мэдээллийн зөрүү байна гэдгийг хэлмээр байна. Үндэсний аюулгүй байдлын заалтыг зөрчсөн гэж байгаа боловч тийм зүйл байхгүй. Мөн ажлын хэсэг өөрийн хийж байсан бүх хэлэлцээний явцыг олон нийтэд тогтмол мэдээлж ирсэн. Гэхдээ эцсийн хүрсэн тохироог бол ажлын хэсэг Засгийн газарт л танилцуулах үүрэгтэй. Зөв бурууг нь хэлэлцээд зөв байна гэж үзвэл УИХ-д танилцуулагдах учиртай. 1072 хувьцааг хэлэлцээний явцад тохирсонгүй гэсэн байсан. 1072 хувьцааг УИХ хурал өөрөө шийдэх, дотоодын асуудал. Өнөөдөр Тавантолгойн бэлтгэсэн хэлэлцээрүүдийг Засгийн газрын хуралдаан дээр хэлэлцэнэ. Уг төслийн монголд өгөх өгөөжийг дурдвал
-Чалкогийн өр буюу 143 сая ам.долларын өрийг хөрөнгө оруулагч тал хүүтэй нь хүлээж аваад 12 cap дотор барагдуулна гэж үзвэл энэ төсөл монгол улсад 500-600 сая ам,долларын өгөөжийг өгөх юм. Мөн энэ төсөл үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш жил бүр зардал болгож 700- 800 сая ам.долларыг монголд зарцуулах юм. Гэрээний тал дээр гэвэл өнгөрсөн хоёр сард хийгдэж байсан гэрээ байгаа. Гэрээг өөрчилж, сайжруулсаар байгаа шүү дээ.
Одоо ч гэсэн гэрээн дээр ажиллаж байгаа. Олон жилийн гэрээний зарчмыг ярьж байгаа учраас маш нухацтай ажиллаж байгаа. Хэрвээ энэхүү гэрээ Засгийн газраас ороод сайшаагдвал дараа нь УИХ дээр танилцуулагдана. Гэрээнд Тавантолгой ордын лиценз Эрдэнэс-Таван толгой компанийн нэр дээр 100 хувь байгаа. Тэгэхээр зуун хувь төрийн өмч хэвээрээ байгаа гэсэн үг.
Гэрээг бүрэн хийгдэж баталгаажих хүртэл гэрээ нууц хэвээр байх ёстой. Хамгийн багадаа гурван сарын дараа хэрэгжих учраас энэ хугацаанд Засгийн газар, УИХ танилцах, хэлэлцэх бүрэн боломжтой. Би өөрийн хийж байгаа ажилдаа бүрэн итгэлтэй байна. Хариуцлагыг хийсэн шиг хийж, үүрсэн шиг үүрдэг байх хэрэгтэй. Ажлын хэсэг бол үндсэн болоод дэд ажлын хэсэгтэй. Үндсэн ажлын хэсэгт би болон Уул уурхайн сайд, Сангийн сайд, Зам тээврийн сайд оролцсон улс төрчдийн баг байсан. Дэд ажлын хэсэгт дандаа мэргэжлийн хүмүүс оролцсон. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн баг бүрдэж энэхүү төсөл дээр ажилласан гэж болно” гэв. Ард иргэд нь өдрийн хоолоо арай хийн торгоож байгаа энэ цаг үед том төслүүдийн хөрөнгө оруулалтыг гацаанд оруулсан хэвээр байлгаад байвал олон мянган хүн ажлын байргүй болж олон ч компани хаалга үүдээ барих дээрээ тулна.
Тиймээс энэ том төслийг яаралтай хөдөлгөөнд оруулж улстөржилт хийхгүй байвал зүгээр байна гэж Ерөнхий сайдын санал асуулгад оролцож саналаа өгсөн олон мянган иргэд хүсэж буй нь ч гарцаагүй.
Яг үнэндээ монголчууд хэдэн арван мянгаараа ажлын байргүй болж, ядуурч байгаа нь бодит үнэн..
Тиймээс л уул уурхай, дэд бүтцийн чухал төслүүдээ урагш нь явуулсан шиг явуулж, дахин улстөржилт, элдэв популизмаар төслүүдээ гацаахгүй байхыг УИХ- ын эрхэм гишүүдэд баялаг бүтээгчид хүртэл уриалж байсан. Тавантолгой монголын улс төр, эдийн засагт итгэл найдварын бяцхан оч сүүмэлзүүлж эхлээд байсан бол яах эсэх нь тодорхойгүй болж гацаанд орлоо. Биднийг хоорондоо ийнхүү мэрэлцэж байх хойгуур бусад улс орнууд түүхий эдээ зах зээлд гаргаад өрсөлдөөн улам их болж бид хожигдох болоод байна шүү дээ улстөрчид өө.
Р.Төгс