Д.Цогтбаатар: Барилгын нийлүүлэлт илүүдэлтэй байгаа үед үнэ өсөх ямар ч боломжгүй

Энэ долоо хоногийн сайдын цаг уулзалтад Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар оролцож, салбарын хэмжээнд хийж байгаа ажил, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

 

Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газар Төрийн орон сууцны корпорацийг өргөтгөж, хувийн хэвшилд захиалга өгч, орон сууц бариулдаг болсон. Энэ нь төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, бизнест хутгалдаж байна гэх шүүмжлэлийг араасаа дагуулах болсон тул түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох чиг үүрэгтэй байхаар өөрчлөхөөр болсон байна.

 

Барилгын  салбарт хийх дараагийн нэг ажил нь Тэтгэврийн даатгалын санг  хөгжүүлэх замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал аж. Товчхондоо Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт энэхүү шийдвэрийг гаргаад байгаа. Угтаа бол Ерөнхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэхээр Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

 

Тэтгэврийн даатгалын санг мөнгөжүүлэхийн тулд Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах аж. Ингэхдээ Нийгмийн даатгалын санд байгаа хөрөнгөнөөс тодорхой хэмжээний бонд босгож, түүгээрээ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.

         

Ингэснээр орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20 хувьд нь Засгийн газрын зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлэн баталгаа гаргаж, харин иргэд зөвхөн 10 хувиа төлөөд жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэх аж.

Ийм сан бүрдсэнээр ипотекийн зээл тасралтгүй олгогдох орчин бүрдэх юм байна. Нөгөө талдаа иргэд cap бүр Нийгмийн даатгалын санд мөнгө төлдөг, түүнийгээ үл хөдлөх хөрөнгө болгон ашиглах боломжийг ийнхүү хууль эрх зүйн хүрээнд бий болгож өгөх аж.

 

Ингээд сайд Д.Цогтбаатараас дараах асуултад хариулт авлаа.

 

-Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгосон гэж гарсан. Үүний үнэн худлыг олон хүн сонирхоод байгаа. Та энэ тал дээр тодорхой хариулт өгөөч?

 

-Манай яамнаас гаргасан орон сууцны найман хувийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийг буулгах санал  гаргаж, Ерөнхий сайд дэмжиж, Сангийн яам, ХАХНХЯ-тай хамтран ажиллахыг үүрэг болгосон. Учир нь энэхүү саналыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Тиймээс Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн сангаа санхүүжүүлж бонд босгон, орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх юм. Ингэснээр орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20 хувьд нь Засгийн газрын зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлэн баталгаа гаргаж, харин иргэд зөвхөн 10 хувиа төлөөд орон сууцанд орох боломж бүрдэх юм. Үүнийг хэрэгжүүлэхэд банкны зүгээс ямар асуудал байгааг шийдвэрлээд явъя гэсэн. Тиймээс банкны зээлийн нөхцөлд ч тодорхой өөрчлөлт орох байх.

 

-Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?

 

-Засгийн газарт хуулийн төслөө өргөн барьсан байгаа гэж дээр хэлсэн. Шийдвэрүүд нь шат шатандаа гараад явна. Үүнд хэдий хэрий хугацаа шаардагдах вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна.

 

-Байрны урьдчилгааг 10 хувь болгосноор орон сууцны үнэ нэмэгдэх болов уу?

 

-Эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүсээд байгаа үед тодорхой хэмжээний салбарт дэм үзүүлэх гэж байгаа арга хэмжээ болохоос барилгын илүүдэл нийлүүлэлтийг зохион байгуулалттайгаар бүгдийг нь борлуулах арга хэмжээ биш. Яг үнэндээ 30 гаруй мянган орон сууц илүүдэл нийлүүлэлттэй байгаа.Тэгээд ч бодит шийдвэрүүд ямар түвшинд гарахыг өнөөдөр урьдчилж худалдан авах арга хэмжээ биш. Ийм мөнгө ч байхгүй. Өөрөөр хэлбэл барилгын илүүдэл нийлүүлэлт хэвээр үлдэнэ. Барилгын нийлүүлэлт илүүдэлтэй байгаа үед үнэ өсөх боломжгүй. Бид тодорхой тус дэм л үзүүлсээр байгаа.

 

-Тэгвэл зээл хүссэн иргэдэд арилжааны банкууд уян хатан хандах нь гэж ойлгож болох уу?

 

-Зээлийн 10 хувийг эргэн төлөөд, 20 хувьд нь төр баталгаа гарган өгч иргэдэд үүсдэг дарамтыг арилгаж байгаа болохоос энэ нь бэлэг биш. Тиймээс иргэн энэхүү 20 хувийн төлбөрөө зээл төлөх урт хугацаандаа шингээгээд төлөөд явна. Бид нэн түрүүнд Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа Засгийн газарт өргөн барьсан байгаа. Үүний зэрэгцээ энэхүү зээлийн үндсэн нөхцөлд өөрчлөлт орж байгаа болохоор санхүүгийн шинж чанартай олон зүйлийг эргэн тооцох шаардлага гарч байгаа. Тиймээс зээлийн хөнгөлөлтийг хэрэгжүүлэхэд үүсэж болох бүхий л асуудлыг Сангийн яам, Монгол банк, арилжааны банкууд хоорондоо ярилцаж байгаа.

 

-Тэгэхээр иргэдэд орон сууцны зээлийн төлөлтийн хэмжээ өндөр гарна. Банкууд зээлийн төлөлт өрхийн орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байхыг шаарддаг. Үүнд иргэдийн орлого хүрэх үү?

-Банкууд өөрсдийнхөө тавьдаг зүй ёсны шаардлагаа тавих нь мэдээж. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж чадахгүй иргэнд зээл олгох тухай асуудал энд яригдаагүй. Харин урьдчилгаа 30 хувиа өнөөдөр шууд гаргаад төлчих боломжгүй ч урт хугацааны зээлээ бол  төлөөд явах боломжтой иргэдэд уян хатан хандаж, зээл олгох асуудал яригдаж байгаа юм. Түүнээс биш өнөөдөр тогтмол орлоготой бус, орлогын хэмжээ нь урт хугацааны зээлийн графикийн дагуу төлөх чадваргүй иргэдэд зээл олгохыг банкуудаас шаардаж         болохгүй. Өнөөдөр орлого нь тогтмол биш, үүнийгээ эргээд төлж чадахгүй хүмүүст зээл олгохыг банкнаас шаардана гэдэг бол тэр банкийг дампууруулах замд шууд тавьж өгөх асуудал болж байна. Энэ чинь зах зээлийн бус захиргааны шинж чанартай зүйл болно. Эдийн засаг хүндэрсэнтэй холбоотой барилгын салбар ч хүндэрсэн байна. Эндээс бид хамтдаа яаж гарах, дэмжлэг үзүүлэх вэ л гэж ярьж байна.

 

-Түрээсийн орон сууцыг хэрхэн яаж хэрэгжүүлэх гэж байгаа вэ?

 

-Олон улс орон бүрт өөр өөрийн арга хэрэгсэл байдаг. Тухайн орны улс төрийн тогтолцоо ямар байхаас ч хамаарна. Манайх шиг ардчилсан оронд хүнийхээ эрхийг хүндэтгэж, тохиролцож зүй ёсны арга замаар шийднэ. Газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч байгаа болохоор янз бүрийн арга хэрэглэдэг.

 

Түрээсийн орон сууцны тогтолцоо хангалттай бий болсон тохиолдолд иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. Түр түрээсийн орон сууцанд шилжүүлж байгааг өөрсдийнх нь газарт байшин барьсны дараа буцаагаад шилжүүлж болно. Ингэвэл иргэд хүлээн зөвшөөрөх магадлалтай. Зарим нь эсэргүүцнэ. Ер нь олон янзын арга л хэрэглэх байх.

 

Өглөөний сонин

Р.Төгсмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button