Охиныхоо амь насыг хэрцгийгээр хөнөөсөн Т.Цогт 3-5 жилийн ял авах нь үнэн үү
Монголчуудын сэтгэлийн шархыг өнөөг хэр нь хөндсөөр байгаа нэгэн зүйл бол төрсөн эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан дөрөвхөн настай охины үхэл. Охиныг үхэлд хүргэсэн гэмт этгээдүүд өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа ч тэдний талаар янз бүрийн мэдээлэл олонтоо гарах боллоо.
Тухайлбал охины төрсөн эцэг Т.Цогтын ах дүү амраг садан нь хуулийн байгууллагад нөлөө бүхий албан тушаал хашдаг хүмүүс байгаа учраас түүнийг энэхүү хэргийн гадна үлдэх вий гэсэн болгоомжлол гарч байсан. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Хэдийгээр тэдэнд холбогдох хэрэг прокурорын байгууллагад шилжсэн ч гэлээ тэднийг зүйлчилж байгаа зүйл анги нь ихээхэн хачирхалтай байгаа аж.
Тухайлбал, сэжигтэн Т.Цогт нь хэргээ хамтран амьдрагч Г.Маралмаад тохсон байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын явцад Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн прокурорт яллах дүгнэлт үйлдэн шилжүүлжээ. Эдгээр зүйл заалтуудыг судлаад үзвэл бусдын амь бие нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх, энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж. Эндээс харахад Т.Цогт хэргийг нуун дарагдуулсан гэж буруутгагдаж 3-5 жилийн хорих ял авах магадлалтай байгаа юм.
Харин хамтран амьдрагч Г.Маралмаагийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутгагдаж байгаа юм байна. Тус зүйл заалтуудад хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц хэрцгий аргаар хөнөөсөн бол 15-25 жил, эсвэл цаазын ялаар шийтгүүлнэ гэж
заажээ. Энэ нь Г.Маралмаа охиныг хөнөөсөн зүйл ангиар буруутгагдаж байна гэсэн үг. Ямартай ч өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр Т.Цогтыг хамтран амьдрагч Г.Маралмаадаа бүх хэргийг тохож өөрөө бага ял авахаар болж байна хэмээн нийгэмд шуугиан тарьж байсан. Үүнийг ч дээрх зүйл заалтууд нотолж өгч байгаа бололтой. Уг нь ард түмэн төрсөн охиноо хөнөөсөн алуурчинд цаазын ял оноо хэмээн уриалж байсан ч шударга шүүхийн өмнө тэднийг хүчин мөхөстөж цээжээ барна хэмээн хэлэх хүн ч байсан. Тэгвэл энэ хэргийн хамгийн гол хүн нь хэн бэ гэдэг нь маш их эргэлзээ төрүүлж эхэлж байна.
Талийгаач охины ээж хүртэл нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө ийнхүү хариулсан байсан юм. Тэрбээр “Т.Цогт Шүүхийн
шинжилгээний үндэсний хүрээлэнд криминалистикийн шинжээчээр ажилладаг хүн. Энэ хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан. Хамт ажилладаг шинжээч нар нь энэ хэрэг дээр ажилласан болохоор би ч гэсэн хардаж байгаагаа нуугаад яах вэ. Гэхдээ арай ч ийм хэрэг хийсэн хүний талд зогсох хүн байхгүй байлгүй дээ гэж бодох юм. Хууль хяналтын байгууллага энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Надад ганцхан охин минь л байсан. Ганц байсан эрдэнээ би бусдын гарт алдчихлаа шүү дээ. Төрсөн эцэг нь үр хүүхдээ арай ч ингэнэ гэж бодоогүй” хэмээн ярьсан юм. Үнэхээр Т.Цогт энэхүү хэргийг нуун дарагдуулсан уу гэдэг асуултын тэмдэг болж байна. Хэрвээ тэрбээр охиныхоо үхлийг нуун дарагдуулсан хэмээн 3-5 жилийн ял авбал энэ хэрэг улам ээдрээтэй болох нь гарцаагүй хэмээн учир мэдэх хуульчид хүртэл ярьж буй юм. Учир нь анхнаасаа олон нийтийн анхаарлын төвд орж талийгаач охин тухайн үед эмнэлэгт ямархуу байдалтай очсоныг нь гэрчлэх хүн маш олон байгаа учраас энэ хэрэг цаашид нэлээд даамжирна хэмээн хэлж байсан.
За яахав дөрөвхөн настай бяцхан охиноо бусдын гарын шүүс болгож нөгөө ертөнцөд илгээн өөрөө шоронд орохгүй хэмээн амь тавьж байгаа Т.Цогтод . монголын ард түмэн аль хэдийн цаазын ял оноочихоод байгаа. Хэрэг хийсэн бол үүнийхээ үйл лайг шударга шүүхийн өмнө хэнбугай ч хүлээх ёстой. Алуурчдад гишгэх газар үгүй гэдгийг олон нийт сануулсаар байгааг хэлэх байна.
Р.Саруул