Крымын араас Приднестровьег арай онилчихоогүй байгаа?

Крымыг өөртөө хавсарган нэгтгэснээрээ Орос нь аливаа улс үндэстнийг хүлээн зөвшөөрдөг олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ үеэ өнгөрөөлөө гэдгийг ягштал нотлон харуулсан гэх дүгнэлт олон улсын харилцааны судлаач нарын дунд түгээмэл буй. НҮБ-ын Дүрэм, НҮБ-ын механизм хүчгүйдлээ (197 улс), Энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчим (1-р зарчим) үлгэр боллоо, Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг – 35 улс (1975 он), Парисын Харти – 57 улс (1990 он), Будапештын Меморандум (1994 он) – Украин, АНУ, Орос, Их Британи нь Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, тогтсон хил хязгаарыг хүндэтгэнэ гэсэн амлалт бүгд хоосон цаас болж үлдлээ гэж үү гэх халаглал бишгүй цухалзана.

 

Крымээс болж ОХУ-ыг буруушаасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг (2014.03.27) эргэж сануулах нь зөв болов уу. ОХУ-ыг буруушаасан нь 100 гишүүн улс; дэмжсэн 10 (ОХУ өөрөө ороод 11); түдгэлзсэн 58; санал хураалтад оролцоогүй 24 гишүүн улс гэсэн дүн гарч байсансан. ОХУ-ыг дэмжсэн нь: БНАСАУ, Белорусс, Куба, Зимбабве, Сири, Венесуэл, Боливи, Судан, Никарагуа, Армен + ОХУ өөрөө; ОХУ-ыг буруутгасан нь: “Их 7” (G7), Европын Холбоо (бүрэн бүрэлдэхүүнээрээ), Ази, Латин Америк, Африкийн томхон улсууд (Индонез, Мексик, Нигериа гэх мэт); ОХУ-ын буруушаахаасаа түдгэлзсэн нь: Хятад, Бразил, Энэтхэг, ӨАБНУ, Монгол Улс гэх мэт жагсаалт дурайна.

 

Тэгвэл гарчигт сэрэмжлүүлсэн  тэр Приднестровье буюу Днестр хавийн Молдавын бүгд найрамдах улсын (Transdniestra) тухай уншигчдад хүргэх баримт, нотолгоо нэлээд байна. Тэр “улс”-ын тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрөх асуудлыг бүр жилийн өмнө Төрийн Дум дэх “Шударга Орос”, ОХУКН, ЛДПР намын фракцууд  (намын бүлгүүд) палхийтэл гаргаж ирсэн аж. Дум нь улс төрийн намын 4 фракцтай бол гурав нь ингэж хандсан байв. Днестр хавийн Молдавын бүгд найрамдах улсын парламентын депутатууд Москвад үе үе айлчлахдаа зөвшөөрүүлнэ гэх итгэл горьдлого, бүр баталгаа аваад буцдаг хэмээн оросын өөрийнх нь хэвлэлүүд илээр мэдээлсэн.

 

Жилийн өмнөх тийм нэг айлчлалын үед Днестр хавийн Молдавын бүгд найрамдах улсын парламентын спикер Михаил Бурла гэгчийн ярьсан ноцтой зүйл байна. Түүний ярьснаар бол “Шударга Орос” нам Днестр хавийн улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай хууль санаачлахад бэлэн байгаа, тэгээд санаачлаад ирмэгц нь ЛДПР намын фракц дэмжээд, уг асуудал Төрийн Думд хэлэлцэгдэхээр ороод ирмэгц оросын коммунистууд үг дуугүй дэмжээд өгнө хэмээн барим тавим ярьсан байх аж. Днестрийн парламентын депутат Олег Хоржан гэдэг нөхрийн бас нэг ярилцлага байна. Москвагаас маш өндөр сэтгэгдэлтэй, бүр хатуу итгэл үнэмшилтэй буцаж ирлээ гээд, хэрэв ойрын үед манай тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхгүй байлаа ч гэсэн бид дуу хоолойгоо нэгэнтээ хүргэчихлээ гэжээ.

 

Тэр дуу хоолой гэдэг нь 1990-ээд оны эхээр тусгаар тогтнолоо зарлаад Молдова улсаасаа тусдаа оршин байсаар өнөөг хүрснээ хэлсэн хэрэг ба Оросын 14-р арми оролцож байж Молдова- Приднестрийн 1992 оны дайныг хүчээр зогсоосноос хойш эдүгээ хүртэл тэнд нь Оросын энхийг сахиулагч 3100 цэрэг, приднестрийн 1200 цэрэг зэвсэг агсан суусаар буйг давхар хэлсэн хэрэг байв. Өөрийгөө зарласан энэ улс нь де-факто Молдоваас тусдаа лав 23 жил оршсоор байгаа ба одоо де-юре тусгаар тогтнох л үлдээд байгаа. Михаил Бурлагийн хэлсэн үг байна:-Де-факто Молдоваас тусдаа оршсоор байгаа ч Орос-Приднестрийн харилцаа тун лут байгаа, жил бүр нэг тэрбум ам.доллар буюу Днестрийн өөрийнх нь ДНБ-тэй тэнцэх хэмжээний эдийн засгийн тусламж Орос үзүүлж байдаг гэжээ. Молдава, тэдний цаана буй Румыныг нэг нүдээрээ үзэж чадахаа байсан Днестр мөрний зүүн эргийн орос, украинчууд 2006 онд референдум явуулж, олонхиороо тусгаар тогтносноо баталж, цаашдаа Орост нэгдэнэ гэдгээ илэрхийлжээ. Нэгэнтээ ийм баталгаатай болж авсных жилийн өмнө буюу  2014 оны хавар приднестрчүүд Оросын удирдлагад хандан тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөөд улмаар ОХУ-ын бүрэлдэхүүнд элсүүлж авахыг хүсчээ.

 

Олон улсын эрх зүйд өмнө нь түгээмэл байгаагүй, ерөөсөө хэрэгжиж байгаагүй гэж үзэхээр сонин жишгийг ОХУ Крым дээр тогтоочихсон, одоо түүнийгээ энэ Приднестровье гэдэг дээр хэрэглэчихнэ хэмээн приднестрчүүд өнөөг хүртэл итгэсээр, Москва тийш нүд үл цавчим ширтэнэ.

 

Яагаад сонин жишиг гэж? Крым тусгаар тогтноод хэдэн cap, хэдэн өдөр, хэдэн цаг болсон бэ гэдэг асуулт тавиад хариулт хайгаад үзэхэд л ойлгомжтой. Украинчуудын дарлал дор оршин байх хүсэлгүй гэлээ, өөрсдийгөө орос хэл соёлтой гэлээ, Украины Дээд Рада буюу парламентыг хууль ёсны бус гэлээ, түүнийгээ тунхаглаад, Оросын Хар тэнгисийн флотын хамгаалалт дор 2014.03.16- нд референдум дур мэдээд явуулаадахлаа. Хүн амын 96 хувь нь Украинаас салахын төлөө саналаа өглөө. Маргааш нь тэд Украинаас саллаа, де- факто, де-юре нэг амьсгаагаар тусгаар тогтноод авлаа. Тэгмэгц нь 2014.03.18-нд ОХУ- ын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын бүрэлдэхүүнд нэг субъект болгоод оруулаад авлаа. ОХУ, Крымын Төрийн хоёр тэргүүн хоёр хоногийн настай Бүгд найрамдах улсыг Оросын бүрэлдэхүүнд оруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Болж өнгөрсөн процесс ердөө энэ. Гуравхан өдрийн л (72 цагийн) явдал. Олон улсын эрх зүйд ийм үзэгдэл өмнө нь тулгарч байсангүй. Оросын эсрэг хориг тавьж, Украиныг элдвээр дэмжих санаатай АНУ, НАТО, Европын Холбоо, улмаар НҮБ энэ хачин сонин жишгийг ухаарах тэнхээгүй байж байгаад санаачлагаа алдчихсан. Хэрэв тэр ардчиллынхаа өнцгөөс хандаад байвал Украин бүр ч байхгүй болж мэдэхээр болчихсон, ийм л  дүр зураг бууж байна. Гомдлоо барсан Украин нь Европын Холбоотой ассоциацын тухай хэлэлцээрийн улс төрийн хэсэгт нь 2014.03.23-нд гарын үсэг зурж, эдийн засгийн хэсэгт нь 2 сарын дараа зурлаа. Крымыг Оросын бүрэлдэхүүнд оруулах гэрээний дэргэд энэ ассоциацын тухай хоёр тусдаа хэлэлцээр бол юу ч биш байв.

 

Харин Украинтай хамт Гүрж, Молдова хоёр тэр хэлэлцээрт нь гарын үсэг зурсан нь хөгжил дэвшлийг мөрөөдсөн тухайд бус, нэг нь нутгаасаа 2 хэсгийг алдчихсан, нөгөө нь алдаад 20 гаран жилийг зовлонтойгоор туулж буй айдсаас үүдсэн аргагүйдсэн алхам гэж үзэлтэй.

 

Крымын    хувилбар Молдовад давтагдах болов уу? Давтагдвал хэзээ бол? Энэ эмзэг үйл явц цаг хугацааных байж болно. Цаг хугацааны гэдэг нь бэлтгэлийг хэдийнэ базаачихсан гэсэн үг л дээ. Энд би оросын 14-р арми молдовын армитай байлдсан, одоо орос цэрэг тэнд байдгийг хэлж байгаа хэрэг биш. Эрх зүйн талаас нь албажүүлж эхэлснийг хэлж байна. Содружество непризанных государств-СНГ /2/ гэдгийг 2010 онд Приднестрийн нийслэл Тираспольд Бүгд Найрамдах Абхаз Улс, Нагорно-Карабахын БНУ, Днестр хавийн Молдавын БНУ, Өмнөд Осет гэсэн 4 улс хамтран байгуулснаа зарлачихсан. ОХУ нь түүнийг нь бүр “ТУХН-2” гэж нэрлээд албан бусаар зөвшөөрчихсөн. Тэртэй тэргүй СНГ-1 буюу бидний мэдэх Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл гэдэг нь  задраад унахад тун ойрхон байна. ТУХН гэдэг нийгэмлэг дотроо Украины талаархи байр сууриа дэмжүүлэхээр Орос жилийн өмнө санал хураалгаад үзтэл ОХУ-ыг • дэмжсэн: Белорусс, Армен хоёр; ОХУ- ыг эсэргүүцсэн: Азербайжан, Молдова хоёр; * ОХУ-ыг эсэргүүцээгүй, дэмжээгүй, санал хураалтад түдгэлзсэн: Казахстан, Узбекистан хоёр; санал хураалтад оролцоогүй: Тажикистан, Киргизстан, Туркменистан гурав гэсэн дүн гарч байсан юмсан. ОХУ- ыг эсэргүүцсэн Азербайжан, Молдова хоёр дээр дараагийн лантуу буух болов уу гэх таамаг жил гаран хэвлэлүүдэд бичигдлээ. Нагорно-Карабахаа үүрд алдах аюул Азербайжанд нүүрлээд ирэх юм биш байгаа гэмээр хилийн будлиан мөргөлдөөн, бяцхан дайн сэдэрлээ. Приднестровын хямралыг хэрхэх бол гэсэн гарц, хувилбарыг бичигсэд бүр ч олширлоо. Приднестровые гэдгийг Косово, Абхаз, Өмнөд Осет, Карабахтай ижилсүүлж наах гэсэн онол ч их яригдлаа. Хуучны Молдав ССР-т национализм, Бессарабын хийрхэл хэтэртлээ дэвэрч, румынчлэгдэх оролдлого  цухалзаж, түүнийг нь Днестр мөрний зүүн эргийнхэн эсэргүүцсэнийг огтоос зэмлэх ёсгүй. Тэгж ярьвал Приднестровье гэдгийн хүн амын 3/1 нь болох молдовчууд ч Кишиневын ийм үндсэрхэг алхмыг дэмжээгүй. Тэгэхлээр Молдовад хоёр л хуваагдал байна. Барууныг, тодорхой хэлбэл Румыныг баримжаалсан нэг Молдова, Оросын тал баримтлагч, зөвлөлтөөрөө байгаа бас нэг Молдова гэж.

 

Санаачилга Москва, Кишиневын гарт (формат нь 1+1) байхыг үгүйсгэхгүй. Энэ загвараар бол компромисс л харагдаж байна. Байлдахгүй, хоёр тал зэрэг буулт хийх. Гэтэл Молдавын тал 5+2 гэх форматыг 2005 оноос хойш гаргаж улиг болтол ярьсаар. Энэ бол Молдав, Приднестровье, Орос, Украин, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, түүн дээр АНУ, Европын Холбоо ажиглагчаар нэмэгдээд 7-уулаа хэлэлцэх ёстой хэлэлцээний загвар аж. Гэвч энэ төсөл хэлэлцэгдэх магадлал тун муу байна. Хуучин СССР дэх “царцаасан мөргөлдөөн”-ий эрин үе дуустал хэрэгжих ч үгүй биз ээ.

 

Өглөөний сонин

Д.Баярхүү

Судлаач-нийтлэлч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button