Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганаар Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулиудыг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Цог, Ж.Батзандан нар модыг хулгайлсан хойно нь хулгайчтай тэмцэх үү, мод хууль бусаар бэлтгэхтэй тэмцэх үү гэдгийг бодож үзэх нь зүйтэй хэмээж байлаа. Сайд Д.Оюунхорол, 1990 оноос хойш хууль бусаар ашигт малтмал олборлох явцад их хэмжээний ойг сүйтгэсэн хэмээгээд урт нэртэй хууль, урт нэртэй хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмал олборлох явцад үгүй хийсэн нэг модны оронд 10 мод тарих, олборлолт эхлэхээс өмнө нөхөн сэргээх зардлаа 100 хувь санд байршуулах зэргийг хуульчилсан нь байгаль орчныг нөхөн сэргээхэд ихээхэн чухал шийдвэр болсон гэлээ.
Хууль бусаар мод бэлтгэсэн хүмүүстэй холбоотой мэдээлэл өгсөн хүнийг урамшуулахаар хуулийн төсөлд тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлээд мэдээлэл өгсөн гэрчийг хамгаалах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих, байгаль хамгаалах үйл ажиллагааг уул уурхайн нөхөн сэргээлттэй уялдуулах зэрэг асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байлаа. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.
Чуулган Казиногийн тухай хуулийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Olloo.mn