Ё.Отгонбаяр гишүүний хэлэмгий дайралт
Өчигдөр УИХ-ын чуулган Монгол Улсын шүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх үед гишүүд хачирхалтай гэмээр зүйлүүдийг ярьж байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хэлэлцэж байгаа асуудал дээр дөрөөлөн “Өнөөдөр цэцийн шийдвэртэй холбогдуулан бид хоёр асуудал хэлэлцээд явж байна. Ерөөсөө зарчим нь ойлгогдохоо болилоо. За яахав.
Р.Гончигдорж гишүүн өрийн босгыг нэмэх дийлэнх олонхыг энгийн олонх болгох гэж улс төрийн зорилготойгоор цэцэд хандсан юм байна. Тэр нь хөрөнгө оруулалтын тухай хууль, онц байдлын тухай хууль зэрэг түм буман зүйл чирээд орж ирж байгаа юм байна л даа. Аз болж онц байдал нь уналаа. Тэгэхгүй бол 20 хүнээр онц байдал тогтоох заалт руу орох гэж байна шүү. Ингээд улс төрийн зорилготой юм чинь улс орныг тогтворгүй байдал руу оруулах заалт руу чирч байна. Р.Гончигдорж гишүүнд хандаж хэлэхэд өнөөдрийн хийгдэж байгаа алхам бол эвслийн засгийн газрын бодлого шүү. Яагаад гэвэл энэ өрийн босгын асуудлыг зөвшилцөөд шийдэж байх ёстой гэж С.Баярцогт сангийн сайд байхдаа оруулж ирж төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлуулсан юм. Наад итгэлцэл гэдэг юмаа хутгалах нь байна шүү” гэлээ. Ямартаа ч нэг хэсэг амандаа ус балгасан мэт сууж харагддаг байсан Ё.Отгонбаяр гишүүн маань айхтар хэл амаа дарсан учраас ийнхүү цор, цор хийж нэлээн ширүүн дайралтуудыг гишүүд рүү чиглүүлж байсан юм.