Занабазарын музейтэй болъё
Ингэж бичихээр хүмүүс гайхаж магадгүй. Занабазарын музей байгаа биз дээ гэж. Байгаа нь ч байгаа. Гэхдээ томхон шиг музейтэй болчихмоор байна. Бүр бүрэн утгаар нь, цогцоор нь шийдсэн том музей, Занабазарын нэрэмжит талбай, хөшөө, өөр юу байдаг юм. Өндөр гэгээнд зориулаад хийж бутээгээд, босгочихмоор юм юу л байна, бүгдийг нь хийе. Ер нь бол иймэрхүү санаа энд тэнд гарч байгаа юм билээ. Тэрийг ч хоёр гараа өргөөд дэмжиж байна. Өнөө жил Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү ойг Засгийн газрын хэмжээнд тэмдэглэхээр шийд гарчихсан.
Баяр наадмаа ч хийх байх. Мөн ойтой холбогдуулаад Эрдэм шинжилгээний бага хурал хийгээд амжсан. Ер нь Монголын түүхэнд тодоор үлдсэн, анхдугаар их Богд Өндөр гэгээн Занабазарын ойг энэ жил тэмдэглэсэн шиг тэмдэглэж, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр ард түмэнд таниулах ажлыг хийж эхэллээ. Гэхдээ ганцхан жил тэмдэглээд, жаахан яриад өнгөрөх биш илүү өргөн цар хүрээг хамарсан ажил хиймээр байгаа юм. Монголоос дэлхийн түүхэнд тодоор үлдсэн гурван хүн байдаг. Их Монгол Улсыг байгуулсан Чингис хаан, Их Юань гүрнийг байгуулсан Хубулай хаан. Түүний дараа Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг нэрлэж болно.
Өнөөдөр аялал жуулчлалаа хөгжүүлж гардныхныг эх орондоо авчирч, доллар, еврог нь авч үлдэх талаар амаа цангатал ярьж байгаа. Гэхдээ үр дүн гарсан зүйл бага л байна. Яг үнэндээ бид гадны орнууд шиг түүхэн дурсгалт барилга, байгууламжаараа жуулчдыг татаж чадахгүй. Эртний Хархорум хотын туурь энэ тэр байсан бол ч бас яая гэхэв. Гэтэл манайд хэдэн сүм хийдээс өөр эртний барилга байгууламж гэхээр юм алга. Эйфилийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Хятадын цагаан хэрэмтэй дүйхээр хөшөө дурсгал, эртний барилга байгууламж байхгүй. Сүүлийн жилүүдэд л Чингис хааны морьт хөшөөг барьж байгуулсан. Одоо “Морин хуур” цамхаг, “Их Майдар” төсөл яригдаж, заримынх нь ажил эхэлж байна. Мэдээж энэ төслүүд хэрэгжсэнээр жуулчдын тоо өсөх боломжтой. Гэхдээ гадныхан Монголд бидний ахуй соёлыг үзэх гэж ирдэг.
Тиймээс Өндөр гэгээнийхээ нэрээр, урлан бүтээсэн хосгүй үнэт өвүүдээр жуулчдыг татах боломж бидэнд байна. Тэгэхээр “хэрүүлийн алим” болчхоод байгаа Лениний гэх тодотголтой музейн барилгыг “Занабазарын музей” болгочихъё. Тэртээ тэргүй үлэг гүрвэлийн музей тэнд орохоо больсон. Тэрэлжид барина гээд зураг төслийг гаргачихсан байна билээ. Эсвэл Өмнөговь аймгийн Манлай суманд байгаа үлэг гүрвэлийн мөрийг түшиглээд байгуулсан ч яахав. Харин хотын төвдөө Занабазарын музейтэй л болчихъё. Өндөр гэгээний урласан, бүтээсэн хосгүй үнэт бурхан шүтээнүүд олон байгаа. Монголд төдийгүй гадаад орнуудад Өндөр гэгээний өөрийн гараар бүтээсэн хосгүй үнэтэй бурхан шүтээнүүд дүүрэн байгаа юм билээ. Үгүй ээ, та минь бод доо. Өндөр гэгээний шавийнх нь урласан бурхан л гадаадад дуудлага худалдаагаар 3 – 4 сая ам.доллар хүрээд байна шүү дээ. Тэгвэл Өндөр гэгээн Занабазарын өөрийнх нь урласан бүтээлүүд Монголд, өөрийнх нь нэрэмжит музейд байна гэдгийг сайн сурталчилж чадвал олон жуулчныг татах боломжтой шүү дээ.
Н.Пунцагболд