Гэдэсний халдвар, хоолны хордлого ихэсчээ

Дулааны улиралд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлогоор өвдөх нь элбэг байдаг. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаа ХӨСҮТ-ийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитын VI тасгаас бэлтгэсэн юм. Тус тасаг 50 хүн хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай. Энгийн өдрүүдэд 10 орчим хүн энэ тасагт ханддаг бол сүүлийн үед өдөрт 20 гаруй хүн хандаж байгааг тасгийн эрхлэгч Ж.Ариунбилэг хэлж байсан. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанд энэ оны эхний таван сарын байдлаар хоолны хордлогын 101, гэдэсний халдвар тэр дундаа цусан суулга өвчний 429 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 0.2 хувиар буурчээ. Харин нийслэлд цусан суулгын 138, хоолны хордлого 93 бүртгэгдсэн байна. Сүүлийн үед хэт халж байгаатай холбогдуулан энэ төрлийн өвчлөл ихсэх хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд дуулгасан. Тэр дундаа гэр хороолол элбэгтэй Банзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэд энэ өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг гэдгийг эмч нар сануулж байв.

ГЭДЭСНИЙ ХАЛДВАР 16 ТӨРЛИЙН ӨВЧИН ҮҮСГЭДЭГ

“Иргэд гэдэсний халдвар, хоолны хордлогыг нэг өвчин гэж ойлгодог. Гэтэл гэдэсний халдвар нь дотроо 16 төрлийн өвчлөлийг үүсгэдэг, үүний нэг нь хоолны хордлого” гэдгийг эмч хэлж байв. Гэдэсний халдварт өвчин дотроос цу­сан суулга дийлэнх хувийг эзэлдэг байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Р.Амгалан “Иргэд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг авахгүй байх хэрэгтэй. Үүнээс болоод өөрийнхөө эрүүл мэндийг эрс­дэлд оруулаад байна. Зуны цагт хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, үйлдвэрлэсэн ог­ноог сайн харах хэ­рэгтэй. Хаана, ямар ор­чинд, юугаар хийсэн нь мэдэгдэхгүй хоол хүнсийг гадуур зарж, түүнийг нь хүмүүс авч идээд байна. Энэ нь гэдэсний халдвар авах эх үүсвэр болж байна” гэв. Гэ­дэсний халдвар тэр дундаа цусан суулгын үед өндөр халуурах, гүйлгэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Мөн өтгөн цустай ялга­дас гарч байвал яаралтай эмчид хандах хэ­рэгтэй гэдгийг эмч нар сануулсан. Өндөр халуу­рах нь гэдэсний халдварт өвчний хамгийн том шинж тэмдэг гэдгийг ч хэлж байсан. Түүнчлэн гэдэсний халдвар нь бо­гино хугацаанд гүн хорд­логод оруулдаг. Манай­хан гэдэсний халд­варыг гэрээрээ дур мэдэн эмчлэх хандлага их байдаг. Гэдэсний халд­варыг заавал анибиотикоор эмчилдэг. Гэтэл дур мэдэн эм уус­наас тухайн нянг эмэнд тэсвэртэй болгодог гэдгийг Г.Хоролгарав эмч хэлж байв. Нян эмэнд тэсвэртэй болс­ноор илүү хүчтэй антибиотик хэрэглэхээс нааш эдгэрэхгүйд хүрдэг ажээ.  Мөэ гол аюул нь өөрөө нян тээгч болдог байна. Өөрөөр хэлбэл, өвчний шинж тэмдэг дарагдсан ч нянг тээгч болдог. Тиймээс гэр бүл болон ойр дотны хүмүүстээ халдвар тараах өндөр эрсдэлтэй гэсэн юм. Энэ тухай ХӨСҮТ-ийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитын VI тасгийн их эмч дараах мэдээллийг өглөө. Шингэн их алдсанаасаа болоод гар, хөлийн шөрмөс татаад сүүлдээ бие бүр муудсан. Тэгээд ХӨСҮТ-д ирсэн.

 

Г.Хоролгарав: ХАЛДВАРЫН НЯН АРХАГШААД ҮЛДВЭЛ НЯН ТЭЭГЧ БОЛДОГ

Гэдэсний халдвар манайд элбэг тохиолддог өвчин. Дулааны улиралд хүмүүс илүү өвчлөх хандлагатай байдаг. Ачаалал ч нэмэгддэг. Одоогийн байдлаар өвчлөл ихэсч байна. Гэдэсний  халдварт өвчнөөр өвдөх гол зүйл нь бохир гар. Бохир гараар дамжиж халдварт өвчин үүсдэг. Мөн өвчтэй хүнээс халдвар авч болдог. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоол хүнс, ариутгаж цэвэрлээгүй жорлон, халдвартай хүн биеэ засчихаад гараа угаалгүй хоол хүнс хэрэглэснээс энэ өвчинг тусах эрсдэлтэй. Мөн стандартын шаардлага хангаагүй хоол хүнсээр дамждаг. Тиймээс урьдчилан сэргийлэх гол арга зам нь эрүүл ахуйн дэглэм, гарын ариун цэвэр, гараа зөв угааж хэвших юм. Хоёрдугаарт, тухайн хүнд ямар нэгэн гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд анхан шатны байгууллага буюу өрхийн эмнэлгийн эмчдээ хандах ёстой. Оношоо тодруулж байж үндсэн эмчилгээгээ хийхгүй бол ихэнх хүмүүс дур мэдэн эм авч уудаг. Ингэснээр нянгийн эсрэг эмүүдэд дасал болдог. Тиймээс эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэвэл богино хугацаанд эмчлэгдэх боломжтой.  Энэ өвчин хүндрэхээрээ шок болдог. Гэрээрээ эмчлээд шинж тэмдгийг түр намдаагаад, нян нь архагшаад үлдчихсэн тохиолдолд дархлаа сулрах мөн чанаргүй хоол хүнс хэрэглээд гэдэс ходоод хямрахад нөгөө өвчин дахих магадлалтай. Энэ үеэр гэдэсний халдвар, цусан суулгаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй зарим иргэдтэй ярилцлаа. Тэдний олонх нь гадуур ил задгай зардаг хоол хүнс, гэртээ хийсэн хоолноос  хордлого авсан гэж байв.

БГД-ийн иргэн н.Баярмаа: ХАЛУУН ӨДӨР ӨНДӨГНИЙ САЛАТ ИДСЭН 

-Би дүүтэйгээ хамт цайны газраас өндөгний салат захиалж идсэн. Манай дүү гэрээр эмчилгээ хийлгэхээр болсон. Өндөгний салат идсэнээс хойш 2-3 цагийн дараа гүйлгээд халуурч эхэлсэн. Хүчтэй гүйлгэснээс болоод цагаан мах эргэсэн. Хоёр өдөр халуурсан. Маргаашнаас нь эхлээд бүтэн өдөржин гүйлгэсэн. Өндийхөөр толгой эргээд дүүрэгтээ очиж хордлогын дусал хийлгэсэн. Тэгээд ч нэмэр болоогүй, энд ирж хэвтэн эмчлүүлж байна.

БГД-ийн иргэн Ц.Отгондагина: МАНАЙ ХҮҮХЭД ТАРАГНААС ХОРДЛОГО АВСАН

-Манай хүүхэд гурван настай. Гэртээ бууз идээд, араас нь тараг уусан. Гэтэл тэр шөнөдөө бөөлжиж, гүйлгээд үүрийн 04:00 цагаас эхлэн цусаар суулгасан. Буузыг гэртээ хийж идсэн учраас тарагнаас болсон болов уу гэж бодож байна. Эмнэлэгт ирж хэвтээд, хоёр хоногийн дараа бие нь сайжирсан. Дулааны улиралд хоол хүнс амархан мууддаг учраас анхаарал болгоомжтой байхыг эцэг эхчүүддээ хэлмээр байна.

СХД-ийн иргэн н.Лхамсүрэн: ЖИМС ИДЭЭД ӨВДСӨН

-Унтахынхаа өмнө жимс идсэн. Гэтэл тэр орой халуураад, ямар ч арга хэмжээ аваад халуун буухгүй байсан болохоор нь өрхийн эмнэлэгт очиж шинжилгээ өгсөн. Эмч “Өндөр халуурч байгаа учраас улаанбурхан байж магадгүй, сайн ажигла” гээд хордлого тайлах дусал хийж өгсөн. Тэр шөнөдөө гайгүй байсан ч маргааш нь дахиад халуурсан. Гадуур явж байхдаа ухаан алдаж унаад түргэнээр ХӨСҮТ-д ирсэн.

ХУД-ийн иргэн С.Ариунбаатар: ШҮҮРХИЙ ШОРЛОГ ИДСЭН

-Өнгөрсөн амралтын өдөр  зуслан дээрээ шүүрхий шорлог идчихсэн. Тэр оройноосоо эхлээд гүйлгэсэн. Маргааш нь хот руу ороод эмнэлэгт үзүүлж, дусал хийлгэсэн. Шингэн их алдсанаас болоод гар, хөлийн шөрмөс татаад сүүлдээ бие бүр муудсан. Тэгээд ХӨСҮТ-д ирсэн.

 

Зууны мэдээ

Э.Орхон, Э.Гантөмөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button