Ж.Батзандан:Малын тухай бодлогоос урьтаад малчны тухай ярих хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан үргэлжлэн явагдаж байна.Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд саналаа хэлж байна.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Малын гаралтай түүхий эдийг хэрхэн яаж боловсруулахаар тусгагдсан бэ, уг бодлогод төмс хүсний ногоо тарьдаг хүмүүст  урамшуулал олгох юм уу аль эсвэл импортоор орж ирж байгаа төмс хүнсний ногооны татварыг жаахан өндөрсгөөд өгч болох уу, Ийм зүйл тусгасан уу? Дараагийн асуудал Халх голын чөлөөт бүсийн асуудал.500 мянган га газарт улаан буудай тариалаад хэдий хэр хэмжээний ашиг орлого олох тооцоо хийсэн бэ?

 

Төсөл санаачлагч ХХАА-н сайд Р.Бурмаа: Бусад хөтөлбөрүүдтэйгээ уялдаатай ажиллана. Бид чанарт  суурилсан бодлого явуулахыг зорьж байгаа. Цаашдаа органик хүнсний тухай хууль, тариалангийн тухай, малыг эрүүлжүүлэх тухай гэх мэт хуулиудыг боловсруулаад өргөн барихад бэлэн болсон. Хүнсний ногооны хувьд импортоор аль болох авахгүй байх бодлого барьж байгаа. Дотоодын тариаланчдаа дэмжинэ. Ингэхийн тулд хүнсний ногооны зоорь худалдан авахад зориулж зээл өгсөн. Гэсэн ч асуудал тулгарсан. Тариаланчдад эргэлтийн хөрөнгө оруулалт дутмаг байна. Цаашид энэ тал дээр дэмжиж ажиллана. Мөн газар тариаланг бүсчлэн хөгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд Халхголд байгуулахаар төлөвлөж хуулийн төсөл боловсруулсан.

 

Ажлын хэсэг Чо-Иш: Хүнсний ногоон дээр урамшуулал олгох тал дээр Засгийн газраар хэлэлцүүлж шийднэ. Харин импортын татварын тарифыг ярилцаад явж байна. Энэ бодлогын баримт бичгийн гол зорилго нь дотоодын үйлдвэрлэгчид, тариаланчдаа дэмжих юм.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төмс хүнсний ногооны тарифыг 20 хувь болгох саналыг Засгийн газарт хүргүүлнэ. Дэмжиж өгөөрэй. Монгол мал хөтөлбөрийн дэд хөтөлбөр болж уялдаатай хэрэгжинэ гэж ойлгож болох уу?

 

ХХАА-н сайд Р.Бурмаа: Тэгэж ойлгож болно уялдаатай ажиллана.

 

УИХ-ын гишүүн Су.Батболд: Энэ бодлого бол толгой бодлого болж явна. Харин өмнө гарсан “Монгол мал” бол зүгээр л хөтөлбөр. Гэхдээ цаашид аль аль нь хэрэгжээд явна.

 

УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн: Чөлөөт бүсийн танилцуулгыг дэмжиж байна. Хэд хэдэн ийм төслүүдийг зэрэг хэлэлцээд явах ёстой. Ер нь цаашдаа хүнсний бизнес нэлээд чухал үүрэг гүйцэтгэх байх. Тиймээс  энэ хөтөлбөрүүдийг нэг нэгээр нь биш зэрэг зэрэг гаргаад ирвэл сайн байна. Махны бизнес, сүү сүүн бүтээгдэхүүний бизнес хөгжих боломжтой. Тиймээс бид энэ хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх  шаардлага байна. Хөдөө аж ахуйн бололцоо бидэнд уг нь их бий. Малаа эрүүлжүүлэх шаардлага байна. Тэгж чадвал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ аялал жуулчлалтай холбож хөгжүүлбэл нэлээд дархлаатай эдийн засаг бий болох байх. Гол нь малаа эрүүлжүүлж, вакцины асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудал байна. Цаашдаа дөрвөн чөлөөт бүс байгуулах асуудлыг ярих хэрэгтэй байх.  Дараагийн чөлөөт бүсийн төлөвлөгөөгөө хэзээ оруулж ирэх юм. Бид хөдөө аж ахуй дээр суурилсан хөнгөн үйлдвэрлэлийн орон болох ёстой.

 

ХХАА-н сайд Р.Бурмаа: Даваасүрэн гишүүнтэй санал нэг байна. Цаашид цогцоор нь хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Малын эрүүл мэнд, генетик нөөцийг хөгжүүлэх хуулиуд дээр нэлээд тусгаж өгсөн малын өвчний асуудлыг. Цаашид эрүүл бүсийг тогтоож энэ саналаа хөрш орнууддаа танилцуулж санал хүргүүлэхээр хуулиндаа тусгаж өгсөн.

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Малчдын хүүхдүүдийг сургах асуудыг энэ бодлогодоо тусгах ёстой. Зөвхөн малын тухай ярьвал энэ асуудал хөгжихгүй. Мал ярих гэж байгаа бол малчдыг ярь. Үүнийг боловсролын сайдтай хамтарч ярь шийд. Сая Унгарт 100 хүүхэд явахад малчны нэг ч хүүхэд ороогүй байна лээ. Цаашид малчдын нийгмийн асуудал зэргийг шийдэж байж мал аж ахуйн хөгжлийг ярих хэрэгтэй.

 

ХХАА-н сайд Р.Бурмаа: Малчны асуудлыг хуулиндаа тусгана. Гишүүн маш чухал саналуудыг хэллээ. Бид энэ бүхнийг шийдвэрлэж хуулиндаа тусгана.

 

УИХ-ын гишүүн  Х.Болорчулуун:  Хөдөө аж ахуйг импортын татварыг нэмэгдүүлэх шаардлага байна. Халхголын чөлөөт бүс байгуулах асуудлыг дэмжинэ. Халхголын бүс нутаг маш үржил шимтэй өвс ногоо ургадаг газар. Хуучин социализмын үед таван сангийн аж ахуй байгуулах тухай яригдаж байсан. Зарим хөдөө аж ахуй мэдэхгүй хүмүүс Халх гол гэхээр  хагалаад байж болдог газар гэж ойлгоод байна. 40 мянган га газрын 30 мянга нь л үржил шимтэй шүү. 3000 га ухаад гурван жил ажиллаад үнэнд гүйцэгдээд больсон. Тиймээс газраа сайтар судалж байж хийх хэрэгтэй шүү. Халх голын их өвсийг ашиглаад мал үржүүлж өсгөх нь зөв. Энэ бүс хэрхэн хөгжих нь Хятад улстай сайтар хэлэлцэж тохиролцох шаардлага байна. Энэ асуудлаа сайн судлаарай.

 

ХХАА-н сайд  Р.Бурмаа: Халх голын 500 мянган га-г хагалахгүй. Судалгаа хийгээд 49 мянган га-г хагалахаар болсон. Байгаль орчны үнэлгээ дүгнэлтүүдийг хийж байгаа. Хятад улсын хорио цээрийнхэнтэй уулзаад гишүүний хэлсэн асуудлыг ярьж байгаа. Ирэх сард  хорио  цээрийн сайд нь ирнэ. Энэ асуудлыг амжилттай болгохоор ярилцана.

 

УИХ-ын гишүүн Су.Батболд: Төрөөс хүнс хөдөө аж ахуйн бодлогыг дагалдуулж оруулж ирсэн чөлөөт бүсийн асуудлыг. Одоо энэ сайдын яриад байгаа нь миний байр эсрэг байгаа. Халх голын энэ бүс нутаг бол бидний нөөц. Бид хичнээн өргөн уудам нутагтай байсан ч газар тариалан эрхлэхэд тааламжтай биш. Бид төвийн бүс нутгийн тариалангийн газраа  ашиглаж дуусчихаад энэ газар луу орох ёстой. Хэдэн төгрөг олохын тулд  тэр эмзэг газрыг хагалж болохгүй. Харахад халиурсан их өвч байгаа ч очоод харахаар 20 30 см-ийн зайтай өвс байдаг. Нэг зун идээд л газар нь халцарна. Ийм байдлаар халхголыг шуналын нүдээр харж болохгүй. Үе үеийн сайд нар ингэж дайрч болохгүй. Орон нутгийн дарга нар дураараа улсын нөөцөд байгаа газрыг хагалуулж байна. Засгийн газраас шийдвэр гаргаж хагалдаг. Ингэж хууль зөрчиж болохгүй. Хариуцлага тооцох хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:2003 онд баталсан бодлогын баримт бичгийн хугацаа дуусаж байгаа юм байна. Зорилтууд нь биелээгүй харагдаад байна. Яагаад хэрэгжсэнгүй вэ, мөн цаашид хөгжүүлэх бодлогыг харахаар тийм ч далайцтай зорилт харагдахгүй байна. Ирэх 10 жил хэрэгжих гэж байгаа үүнд хичнээн төгрөг зарцуулахаар байгаа вэ?

 

ХХАА-н сайд Р.Бурмаа: Өнгөрсөн бодлогын хувьд чанараас илүү тоо шүтсэн бодлого явагдаж ирсэн байна. Цаашид бид 60 сая малынхаа бүтээгдэхүүнийг ашиглах шаардлага байна.

 

ХАА-н салбарын санхүүжилт өнгөрсөн 10 жилд хангалттай байгаагүй. Энэ нь хөгжөөгүй нэг чухал шалтгаан. Урамшууллын мөнгө хөрөнгө нэлээд өгч байгаа нь тоог өсгөхөд нөлөөлсөн.

 

Су.Батболд гишүүнтэй санал нэг байна. Орон нутагт газрыг хагалж байгааг болиулах хэрэгтэй. Ингэхийн тулд чөлөөт бүс байгуулж газрыг хамгаалах нь чухал байна. Тэнд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тул газрыг талхлаад байх зүйл байхгүй.

 

Ажлын хэсэг Чой-Иш: Өнгөрсөн 10 жилийн бодлогыг жил жилээр нь дүгнэж явсан. Бодлогын хүрээнд бүгдийг дүгнэхэд төдийлөн муу үр дүн гараагүй. Жишээ нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн хувьд 11 зорилтоос 10 нь биелсэн.

Чуулганы хуралдаан завсарлалаа. Хэлэлцэж буй асуудлыг үдээс хойш үргэлжлүүлэхээр боллоо.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button