Нутгийн чулуу
Аав минь нэгэнтээ “Элэрч, элэгдэж дуустлаа байрандаа бат зогсдог бяцхан чулуунаас эх орон эхэлдэг юм” гэж хэлсэн. Чулуугаар тоглодог хvvхэд насны минь ой тойнд энэ тодорхойлолт дэндvv ойр байснаас ч тэр vv, сэтгэлд минь vvрд хадгалагдан vлджээ. Тиймээс ч би эх орон, нутаг гэдгийг алганд багтдаг жижигхээн чулуу гэж одоо ч итгэсээр л явна. Нутаг гэдэг хорвоод мэндлэхэд минь тал ногоорон, уулс хөхөрч, хан тэнгэрт нь хос тогорууд ганганалдан орчлонгийн тvмэн гоо vзэсгэлэнг өмнө минь дэлгэн угтсан нэгэн том ертөнц. Эхийн хайраар энхрийлж тэвэрсэн-газар. Анхны амссан амттан-ээжийн цагаан сvv. Анхны мэдрэмж-нутгийн vнэр.
Анхны тоглоом-нутгийн алаг чулуу. Ийнхvv хvн эхийн хvйгээс тасраад, чулуугаар дамжуулж, байгаль эхтэйгээ мэндэлнэ. Анхны гэрийн голомтыг чулуугаар босгож, амьдрал, хайрын гэгээхэн хvсэл тэндээс л эхэлнэ. Өөрт vгvй бvхнээ чулуугаар орлуулж, vерхэл, хvсэл мөрөөдлөө хайрлаж харамлах ухааныг тэндээс л олно. Миний багын дусал нулимс, дусал ухаарал, бяцхан тунирхал, хязгааргvй хvсэл, ариухан инээмсэглэл чулуунд л шингэж vлдсэн. Тиймдээ ч чулуу гэдэг мөнх эрхлэхийн зөн билэг-нутаг хайр юм. Усны шувууд ганганалдан ирэхэд нутаг минь хvvгээ санаж, хvлээдэг. Энэ л агшинд гэр барьсан чулуу бяцхан гарын зөөлөн илбэлтийг хvсч vгvйлнэ. Тvvний хvсэл төдөлгvй биелж, бяцхан хvv инээд цацруулан гvйж ирээд тvvнтэй мэндлэхдээ тэр чулуун дундаас ижийнхээ, эмээгийнхээ бага насыг мэдэрнэ. Ингэж нутгийн алаг чулууг ээж шигээ хайрлахын эхлэл тавигдана. Идэр эр холын аянаас ирээд гэр барьсан чулуун дундаас анхны хайраа олж харна.
Энэ учраас нутгийн чулуу өнө мөнхийн хайрын бэлгэдэл юм. Аавынх нь vрдээ vлдээх хамгийн нандин өв-эцгийн vнэр, нутаг усныхны дулаан сэтгэл, ижий бvхний цацлын сvv шингэсэн бяцхан эрдэнэ-нутгийн чулуу. Тийм ээ, нутгийн чулуу – хvн бvрийн газар эхтэйгээ мэндэлсэн анхны гар барилт. Хvvхэд бvрийн гар дамжсан байгаль эх юм. Гэтэл өнөөгийн хvvхдvvд чулуугаар тоглохоо больжээ. Тоглоомоороо бvхнийг төсөөлдөг тэдний минь нэг нь “Эх орон гэж юу вэ” гэсэн асуултанд “Эх орон гэж миний тоглоомноос ч гоё зvйл” гэж хариулж байна. Эх орон, дархан хил, тусгаар тогтнол гэдэг хоршоо vгсийг хойч vе минь ингэж л ойлгож, мэдэрч байна.
Аав минь бас нэгэн удаа “Эр хvн хилээ манадаг. Харин эм хvн галаа манадаг юм” гэж билээ. Тийм ээ, тэнгэрлэг эрчvvд минь хилийн ширхэг чулууг харь нэгний хөлөөр хөндvvлэхгvйн тулд манаанд зогсож, бурханлаг бvсгvйчvvд нь тулгын гурван чулуугаа манасаар байгаа цагт Монгол Улсын дархан хил халдашгvй өнө мөнх оршсоор байх болно. Харин дархан хил, тусгаар тогтнолоо хамгаална гэдэг байрнаасаа хөдөлбөл гурван жилийн турш шаналдаг бяцхан чулууг хөндөхгvй байх ухаан гэдгийг хойч vедээ чулуугаар тоглохоо больсон хойч vедээ бид хэрхэн ойлгуулах вэ?…
Ц.Баттуяа