Газрын тосны хайгуулд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна
Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд газрын тосны хайгуулын “Хар Ус II” талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, “Ренова-илч” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу “Ренова илч” ХХК нь 8 жилийн хугацаанд нийт 53.2 сая ам.доллараас багагүй хэмжээний хөрөнгө оруулна. Мөн байгаль орчны нөхөн сэргээлтэд 8 жилийн хугацаанд 1.5 сая ам.долларыг зарцуулах юм. Бүтээгдэхүүн хуваалтыг ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хувь нь 45, гэрээлэгчид 55 хувь байхаар тооцсон байна.
“Петроматад лимитед” ХК газрын тосны хайгуулын Богд-IV, Онги-V зэрэг талбай дээр явуулж байсан хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор дэлхийд танигдсан мэргэжлийн компани болох Их Британийн “British Gas Group”-тэй хамтран ажиллахаар болж энэ сарын 22-ны өдөр “Петроматад лимитед” ХК Бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ зарим эрх үүргийг “BG Group”-т шилжүүлж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.
Уг гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулах бөгөөд үнээс 2015 онд 13.6 сая ам.доллар, 2016 онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1.4 сая ам.долларыг Засгийн газарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2014, 2015 онуудад төлөх төлбөрт зарцуулах, мөн бусад ажил, үүргүүдийг санхүүжүүлэх зорилгоор нэмэлт 4.55 сая ам.долларын санхүүжилт хийх зэрэг нөхцлүүдийг тохирсон байна.
“BG Group” нь судлагдаагүй эрсдэл ихтэй газарт амжилттай хөрөнгө оруулалт хийдгээрээ туршлагатай бөгөөд сүүлийн 15 жилд томоохон хэмжээний 15 ордыг нээн илрүүлээд байгаа юм. “BG Group” нь байгалийн хийн нөөцөөр дэлхийд тэргүүлэгч, өнөөгийн үнэ цэнээр нийт 45 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, нийт 5 тивийн 20 улсад үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн БНХАУ-д 2017 оныг дуустал шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх хамгийн том гэрээлэгч болоод байна.
olloo.mn