Дэлхийн шилдэг гэрэл зураг: “Жон-Жоны ёсолгоо”

“Дэлхийн шилдэг гэрэл зураг” бу­ландаа АНУ-ын гэрэл зурагчин Стэн Стирсийг дэлхий дахинаа алдаршуул­сан бүтээлийг сонирхуулж байна. Тэрээр энэ зургаараа фото сэтгүүлчдийн хам­гийн нэр хүндтэй Пулитцерийн шаг­налыг хүртэж байсан юм. Зураг бүхэн түү­хийн гэрч гэдэг. Тиймээс ч өнгөрснийг эдүгээ сануулж байдагт гэрэл зургийн мөн чанар орших билээ.

Харин дээрх зурагт тэртээ 1963 оны түүхийг өгүүлжээ. Шийдэмгий зан чанар, оюуны чадамж, хурц ухаанаараа хүндлэгдсэн  АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч Жон Кеннеди олны нүдэн дээр  мэргэн буудагчид буудуулж амиа алдсанаас хойш гурван өдрийн дараах үйл явдал гэрэл зурагт ийн мөнхөрчээ. Ийм аймшигт уй гашуу тохиогоогүй бол гэр бүлийнхнийхээ халуун дулаан уур амьсгал дунд гурван насны төрсөн өдрийнхөө лааг үлээх байсан бага Кеннеди эцгийнхээ шарилд ёслон зогсч байна.

Түүний эцэг АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди 1961 онд төрийн тэргүүний албаа хүлээн авч, түүнээс хоёр жилийн дараа амь үрэгдсэн юм. 1963 оны арваннэгдүгээр сарын 22. Энэ өдрийг дэлхий нийт тэр дундаа америкчууд тодхон санадаг  биз ээ. Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди гэргий Жаклины хамтаар Парклендын дурсгалын госпиталийг зорин Даллас хотын төв рүү задгай лимузинээр орж ирэх үед  мэргэн буудагч хоёр удаа гал нээсний нэг нь Ерөнхийлөгчийн хүзүү, нөгөө нь толгойн тус газар онож, газар дээрээ нас баржээ. Америкчууд энэ өдөр  сайн Ерөнхийлөгч, улс төрийн зүтгэлтнээ алдсан бол гэр бүлийнхэн нь сайн нөхөр, сайн эцгээ хорвоогоос үүрд үдсэн юм. 20 дугаар зууны улс төрийн хамгийн дуулиант гэмт хэргийн нэг болох энэ явдал эдүгээ ч учир нь тайлагдаагүй хэвээр. Харин зураг дээр эцгийнхээ шарилд ёслон зогсоо хүү сэтгүүлч, хуульч мэргэжлийг эзэмшиж байв.

Гэхдээ тэр эцгийнхээ замналаар улс төрд орж амжаагүй бөгөөд 1999 онд эхнэрийнхээ хамт осолд орж,  цэл залуу 38 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

 

Монголын мэдээ

Б.Даваа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button